Ертөнц дэлхийн нэгэн мянганы суут хүн, монгол туургатны хэнтэй ч эгнэшгүй сод билиг Эзэн Богд Чингис хааны минь түмэн өлзий гийсний 850 жилийн түүхэн ой тохиож байна. Ерөнхийлөгч зарлиг буулгаж, Засгийн газраас ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс томилогдсон байх учиртай. Арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэнэ хэмээсэн тов байгаа. Энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгохоор хэлэлцэж байгаа.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, амардаг өдөр болгоё, больё хэмээн Эрхэм гишүүд маргалдаж байна. Тулхтайд тооцогдох нэгэн гишүүн Чингис хаанаа “өвөө” хэмээгээд “Өвөөгийн төрсөн өдөр амрах нь зөв. Бас Бурхан багшийн мэндэлсэн өдөр ч амардаг байя” хэмээн шогтов. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас сонин хэвлэлийн байгууллагуудад хандан “Нийтлэл, нэвтрүүлэгтээ Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн тухай тусгана уу” гэсэн хүсэлтийг ярилцлага хийж, материал бичүүлж болох эрдэмтдийн нэрсийн жагсаалтын хамт и-мэйл-ээр илгээсэн харагдав. Эцэг дээдэс, эзэн Богдынхоо их ойг монголчууд бид нэг иймэрхүү л тэмдэглэх гэж байна. Бодвол 14-нд бүгдээрээ амарч, ямар нэг баярын хурал болох байх. Уг нь биднээс өөр хүмүүс бол дэлхийн түүхийн хүчит давалгаа, эрхэмлэн хүндэтгэх бахархал болсон ийм түүхэн хүний ойг арай өөрөөр тэмдэглэх байсан болов уу.
Америкчууд 1995 онд Мянганы хүнээр Чингис хааныг тодруулахдаа “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол зөвхөн нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал юм. Тэр болон түүнийг залгамжлагчид Ази, Европ тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрдүүлж, Дорно, Өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлсэн. Тэд интернэт бий болохоос 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг бий болгосон байна. Тэрбээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн” хэмээн үнэлсэн билээ.
Харийнхан Чингис хааныг ийнхүү үнэлэн хүндэлж, нэрлэн тодруулж байхад бид юу хийв ээ? “Монгол Улсын Засгийн газар 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг 2012 оны төсөвт суулгаагүй орхичихсон байсан. Сая 2013 оны төсөвт 1.1 тэрбум төгрөг суулгалаа. 2012 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш нэг жилийн хугацаанд ёслон тэмдэглэнэ” хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганбат нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Арай ч дээ гэмээр хэрэг биш гэж үү? Ардын хувьсгалын 90, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой гэж сүрхий юм болсон.
Төсөв хөрөнгө төлөвлөж, комисс энэ тэр гарч, засаг төрийн эрхэм дээдэс торгон дээлээр гоёж, тостой хошуугаа арчиж, ойн медаль үйлдвэрлэн олон хүний энгэр цоолж, ёс төр болцгоосон. Болохгүй нь ч юу байхав. Гэхдээ дэлхийн хүн, Монголын суу Эзэн Богдынхоо ойг тэдгээрээс дор үзэж яавч болохгүй билээ. Ёстой нөгөө Монголын заяа гомдоно гэгч болох байлгүй. Монгол хэмээн цээжээ дэлдэгч хүн бүхний хувьд энэ бол хамгийн том түүхэн үйл явдал мөнөөс мөн билээ.
Ингэхэд бид өөрсдөө Богд эзнийхээ тухай хэр мэддэг вэ? Ямар хэмжээнд үнэлэн хүндэлдэг вэ? Өвөрмонголчууд Ордос хошууныхаа “Чингисийн онгон” хэмээх газарт жуулчин, гийчдийг урин залж, өөрсдийгөө Чингис хааны цорын ганц үр сад хэмээн сурталчлах болсоор удлаа. Хятадын Засгийн газар 2002 оноос хойш 800 сая юань буюу монгол төгрөгөөр бол 200 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үхэр мал, аргал түүж яваа монгол бүсгүй, морь унасан баатруудын хүрэл хөшөө мэтээр 5.5 га газрыг дүүргэн, гэр хэлбэрийн музейд хэзээнийх нь бүү мэд эмээл хазаар, араг савар, хувин сав, модон тэрэг гэх мэт элдэв зүйлийг эгнүүлэн тавиад бардамнаж суудаг. Гэтэл бид болохоор Чингисийн онгон Монгол нутагт, Бурхан халдунд бий хэмээн мэдэмхийрэхээс цаашгүй. Хаан эзэндээ зориулсан ганц олигтой хөшөө ч байгуулсангүй. Олигтой дүр дүрслэлгүй ганц кино хийсний нөгөө талд өвөрлөгчид хятадуудтайгаа нийлээд хэчнээн ч кино хийв дээ. Түүнийг нь манай телевизүүд уралдан хөврүүлэх.
Баар сав, архи сархад, зочдын буудал, хивс, хамтлаг, нисэх онгоцны ядмагхан буудлаа Эзэн Богдоороо нэрлэчихээд ичиж, нэрэлхэж байгаа ч юм алга. Уг нь Монголын суут хүний нэрийг юунд ашиглаж, ямарт болохгүй вэ гэдгийг төр, засаг нь мэддэг баймаар. Чингис хааны мэндэлсэн өдрийг асуусан “АХА” нэвтрүүлгийн үеэр нэгэн шинэ үеийн монгол 1921 онд гэж хариулж байхтай таарсан. Хэдэн онд төрснийг нь хүмүүсээс асуугаад үзээрэй. Мэддэг хүн тун цөөхөн байх вий. Тэгсэн хэрнээ хаа холын хахь хамаагүй Лениний төрсөн өдрийг, Америкийн Үндсэн хууль батлагдсан оныг мэдэж байж магадгүй. Нэгэн том удирдагч өөрийнхөө төрсөн өдрийг Чингисийн төрсөн өдөртэй нэг болгож, хүүхдүүдэд бэлэг тарааж хүртэл үзсэн. Бид нэг иймэрхүү хэмжээнд л Эзэн Богдоо мэддэг, хүндэлдэг. Засаг, төрийн бодлого ч гэж юм алга. Ганц олигтойхон цогцолбор байгуулчих санаа ч төрсөнгүй. Өсөж төрсөн газар нутгийг нь хамгаалалтад авчих ухаан нь хүрэхгүй, явуулын тонуулчин, ашиг хонжоо хайн улайрагсдад ухуулж төнхүүлээд сууж байна. Бүтэн жилийн хугацаанд тэмдэглэнэ гэж ам алдсан энэ их ойг тэмдэглэсэн шиг тэмдэглэж, ядаж төрсөн он, сар, өдрийг нь бүгдээрээ мэддэг болж, хөшөө дурсгалын цогцолбор байгуулж, их хааны түүхтэй холбоотой одоо хэр нэг мөр болоогүй байгаа олон асуудлыг цэгцэлж, хүндэтгэл бахархлын ёс зарчим тогтоох нь зөв биз ээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дугаар: 4
“Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай”
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.
2. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Б.БОЛД