- Уг асуудыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлээс -
Доктор, профессор Ш.Чоймаа: -Яах аргагүй бид Эзэн богд Чингис хааны унасан газар, угаасан ус, гал голомтыг сахиж суугаа монголчууд. Тэмүжиний мэндэлсэн өдрийг ерөнхийдөө өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэхэд найдвартай гэж үзэж байгаа. Энд ямар ямар баримт байна гэхээр “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэдэг. Тэр цагийн монголчууд агт таргалсан, нум хатуурсан үеийг тааруулж гадагшаа дайн хийдэг байсан. Энэ бол тэр цаг мөч гэдэг яах аргагүй намрын сүүл, эсвэл өвлийн тэргүүн сар байх ёстой. Энэ бол нэгдүгээр баримт.
Хоёрдугаарт, хожмын монгол түүхэн сурвалжуудад Лу “Алтан товч”- оос эхлээд зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр морин цагт төрсөн гэсэн байдаг. “Монголын нууц товчоо”-г Лувсанданзангийн “Алтан товч”-той харгалдуулаад судлахад яг Чингис хаан гэдэг өгүүлбэрийг шууд дундуур нь нэмээд оруулчихсан нь тодорхой байдаг. Жамбалдоржийн “Болор толь”, Ордосын түүхч Гончигжавын “Сувд эрих”, мөн “Хөх түүх”, эдгээр гурван сурвалжид өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэж тов тодорхой тэмдэг лэсэн байгаа. “Сувд эрих”-д “Тэндээс Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэг нээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огтор гуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэжээ.
Гурав дахь баримт бол Эзэн хорооны жилийн дөрвөн тайлгын нэг мялаагуудын хуримыг аравдугаар сарын 3-нд хийхээр тохируулсан байдаг. Аравдугаар сар гэдэг нь Монголоор бол өвлийн тэргүүн сар юм. Мялаагуудын хурим буюу тасмын тайлга нь Тэмүжин мэндлээд гурав хономогц угаалга үйлдэж, баяр хурим хийснээс үүдсэн зан үйл. Дөрөв дэх баримт гэвэл, Оросын Санкт Петербургт хадгалагдаж байгаа эх сурвалжаас Цэвээн гуайн 1910 онд хуулж ирсэн баримтад яах аргагүй өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд мялаагуудын хурим хийдэг гэсэн байдаг.
Профессор Б.Балжинням: -Тэмүжин мэндэлсэн талаар “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тэмдэглэгдсэн байдаг. Гэвч тэнд сар өдрийн тухайд тодорхой дурдаагүй. Сүүлийн үеийн баримтаар бол бид Ш.Чоймаа багшийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэдэг дээр зонхилон саналтай байгаа. Үүн дээр тогтох нь зүйтэй.
Доктор Г.Аким: -Ш.Чоймаа багшийн хэлж байгаа зөв л дөө. Өвлийн тэргүүн сарын шинийн 1 хэзээ гэдгийг тогтоох ёстой. Дөрвөн зохиолд өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрж, 3-нд угаалга үйлдсэн гэж байдаг.
Зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж: -Миний олж мэдсэнээр түүхийн есөн сурвалж бичигт Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг бичсэн байдаг. Үүний зургаад нь өвлийн эхэн сарын шинийн 1, гуравт нь зуны эхэн сарын 16 гэж тэмдэглэсэн байна. ”Арван буянт номын цагаан түүх” сударт өгүүлснийг багцлан үзвэл, Тэмүжинийг эхээс төрөөд гурав хономогц угаалга үйлдэж, манцуйд өлгийдөж, тасмаар боож, мялаагуудын хурим хийснийг Хубилай сэцэн хааны үеэс үе улируулан ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Үүнийг Хубилай хааны зарлигаар тогтоосон юм шүү дээ. Хубилай хаан өвөг эцгээ нас нөхчөөд 60 жил ч өнгөрөөгүй байхад төрийн албан ёсны зарлиг гаргахдаа андуураагүй байх гэж бодож байна.
Судлаач Н.Нагаанбуу: -Ганцхан зүйл хэлэхэд Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн 1-нд төрсөн нь үнэн. Харин эртний монгол тооллоороо тооцооч. Тэгвэл одоогийн 12 дугаар сарын 21-нд төрсөн.
Доктор А.Пунсаг: -Эзэн хааны сүүдэр тохиосон цаг хугацааны хувьд өвөл байсан болов уу гэдэг баримт мэдээ олон байгаа. Манай түүхийн хүрээлэнгийн судлаачдын хувьд “өвлийн эхэн сарын шинийн 1” гэдэг нь түүхэн үнэнд илүү ойр хэмээн үздэг.
Доктор, профессор Х.Шагдар: -Миний бодоход Чингис хааны төрсөн өдөр өвлийн эхэн сарын шинийн 1 гэдэгтэй зөрөхгүй, гагцхүү үүнийг одоогийн тоололд буулгах асуудал дээр жаахан зөрүү байгаа юм шиг байна.
Академич Ш.Бира: -Бибээр Их хааны төрсөн он, сар, өдрийг тусгайлан судлаагүй. Чингис хаан болоод бусад түүхэн хүмүүсийн төрсөн он, сар, өдрийг тогтоох нь тун бэрхтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайд төрсөн өдөр бүртгэдэг, тэмдэглэдэг тийм уламжлал байсангүй. Төрөөс ёсчлохын тулд ойролцоогоор тогтоож болно. Тэр их хүнийг дурсан санаж, мэндэлсэн өдрийг нь тэмдэглэж байх үүднээс бид тодорхой өдөр тохироод тогтож болно. Ийм туршлагыг дэлхийн бусад түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг тогтооход хэрэглэсэн нь бий.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин: -Эзэн богд Чингис хааны төрсөн сар, өдрийг тогтох нь монголчууд түүхээ мэдэх, ялангуяа залуу үе маань өвөг дээдэс, эх орныхоо түүхээр бахархах, нэг тодорхой өдөрт Чингис хааныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, энэ талаасаа бол их ач холбогдолтой. Үүнийг тогтооход үнэхээр түүхэн баримт факт нь өнөөг хүртэл тов тодорхой тэмдэглэгдэж ирсэнгүй. Тиймээс үйл явц, нүүдэлчин монголчуудын зан заншил, уламжлал, шашин шүтлэг олон зүйлтэй харгалзуулж, уялдуулж шийдэх асуудал гэж ойлгож байгаа. Тэр өдөр нь өвлийн тэргүүн сар хэмээн тогтох байх гэж бодож байна.