Арваннэгдүгээр сарын 7-19-нд Словений Мариборт явагдах өсвөрийн шатарчдын ДАШТ-д оролцох томоохон
бүрэлдүүнтэй баг, тамирчид, багш дасгалжуулагчид болон эцэг, эх нарыг үдэх ёслолын ажиллагаа Спортын төв ордонд болов. Энэхүү ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл оролцон үг хэлэхдээ “Шинэчлэлийн засгийн газар ССАЖЯ байгуулсан нь нийтийн биеийн тамир, спортыг хөхүүлэн дэмжиж эрүүл, оюунлаг хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, улмаар авьяаслаг тамирчидаа дэлхийн төвшинд өрсөлдөх нөхцөл, бололцоог төрийн бодлогоор зохицуулахад нэн чухал ач холбогдолтой боллоо.
Уламжлалт хөрс, суурь сайтай оюуны их спортшатрын онцлогийг харгалзан үзэж, хөгжүүлэхэд шатарчид, шатрыг дэмжигч хэн бүхэнтэй үр дүнтэй нягт хамтран ажиллах болно. Өсвөрийн шатарчид та бүхэн ахмад шатарчдынхаа алт мэт сургааль, асар их туршлагаас цаг алдалгүй суралцах хэрэгтэй. Олон улсын мастер Т.Үйтүмэн ах чинь 40 гаруй жилийн тэртээ Ази тивээсээ шалгаран дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхийн тэмцээнд домогт Р.Фишертэй эн тэнцүү тулалдаж дэлхийг шуугиулж байсан үеийг монголчууд мартаагүй. Дөнгөж саяхан Турк улсад явагдсан Дэлхийн шатрын 40 дэх олимпиадад манай эмэгтэйчүүдийн баг “Топ-15”-ын барианд орж, их мастер Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд 4-р байр эзлэн ОУМ Б.Гүндаваа их мастер цолны болзол биелүүлсэн нь монгол хүний оюуны цар хүрээ нэн өндөр гэдгийг дахин нотлон харууллаа.
Энэ оны зургадугаар сард Шри-Ланк улсад зохиогдсон Азийн АШТ-д манай хөвгүүд, охид олон зуун саяар тоологдох хүн амтай орнуудыг ардаа орхин, медаль хүртсэн нь нүүдэлчин монголчуудын үр сад авхаалжтай, сэргэлэн, тэсвэр, тэвчээртэй гэдгийг батлан харуулж байна. Зургаан настай Е.Төгстөмөр хүү энэ тэмцээнд үнэмлэхүй амжилт гарган гурван алтан медаль, Г.Энхчимэг мөнгө, хүрэл медаль, Ц.Лхагвасүрэн, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд, Г.Учрал нар түргэн тоглолтын төрөлд хүрэл медаль тус тус хүртэв. Шатар бол дан ганц спорт биш, соёл шинжлэх ухааны цогц бөгөөд урт хугацаа, нөр их хөдөлмөр шаарддаг онцлогтойг харгалзан үзэж Монголын шатрын холбоо болон Монгол туургатны шатрын холбооноос дэвшүүлсэн “Насанд хүрэгчдийн болон өсвөрийн шатарчдын улсын шигшээ баг байгуулах”, “Тэмцээнүүдийн зэрэглэлд тохирсон шагнал, урамшуулал бий болгож Засгийн газрын тогтоол гаргаж хэрэгжүүлэх”, “Ахмад шатарчдаа дэмжиж урамшуулах” зэрэг саналуудыг амьдралд хэрэгжүүлэх талаар дэмжин ажиллах болно. Ингээд өсвөрийн шатарчдын ДАШТээс ганзага дүүрэн ирэхийн билэгтэй сайхан ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.
Энэ үеэр өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-д амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 268 тоот тогтоолын дагуу 2 саяас 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртээснийг гардуулав. Энэ жилийн ДАШТ-д Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханы ахалсан өсвөрийн шатарчид, багш дасгалжуулагчид, эцэг эхийн төлөөлөл болох 60-аад хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Т.Мөнхзул, Е.Төгстөмөр, В.Баярмаа, С.Сайханзаяа, В.Удвал, Н.Бадамханд, Э.Баасансүрэн, Т.Лхагвасүрэн, С.Жаргалмаа нарын шилдэг өсвөрийн шатарчид эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болжээ. Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгөн медаль хүртэж байсан бол Д.Номин-Эрдэнэ 2010 онд алтан медаль хүртсэн билээ.