Гүйлтийн спорттой холбоотой зарим сонирхолтой баримтуудаас хүргэе.
-Энэ жилийн Лондоны марафон 30 настай үсчин эмэгтэй Клэр Сквайрын дурсгалд зориулан явагджээ. Энэ бүсгүй буяны үйл ажиллагаанд хандив цуглуулах зорилгоор марафонд хурд сорьсон хэдий ч барианы өмнөхөн ухаан алдан унасан юм. Эмч нар тэр дор нь түүнийг аврахаар оролдсон ч ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ. Түүнийг нас барсны дараа 500 фунт цуглаад байсан фондын хөрөнгө 400 мянга болон нэмэгджээ.
-Лондоны марафоны үеэр дэлхийн дээд амжилт гурвантаа шинэчлэгдэж байв. Хамгийн сүүлд Пола Рэдклифф 2003 онд өөрийн зайгаа 2 цаг, 15 минут, 25 секундэд туулж, рекордыг шинэчилсэн юм. Түүний амжилтыг эвдэх тамирчин өнөө хэр гараагүй байна.
-Энэ жил эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Кенийн гүйгч Мэри Кейтани 2 цаг, 18 минут, 37 секундэд зайгаа туулсан юм. Тэрбээр хоёр жил дараалан түрүүлж буй нь энэ бөгөөд ноднингийн амжилтаа бараг бүтэн минутаар ахиулжээ.
-2002 онд Английн хөлбөмбөгийн хаалгач асан Ллойд Скотт усанд шумбах зориулалтын хувцастай уралджээ. Ингэснээр тэр марафоны хамгийн удаан оролцогч гэсэн үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон юм. Өдгөө түүний өмсгөл “National Maritime Museum”-д хадгалагдаж байгаа аж.
-Лондоны марафон явагдаж эхэлснээс хойш жил алгасалгүй оролцож ирсэн хэдэн хүн байдаг аж. 2011 онд энэ талаар судалгаа явуулахад 18 хүн тоологдсон бөгөөд тэдний хамгийн залуу нь 53 настай байв.
-Зохион байгуулагчид нарийн судалж байж марафон явагдах өдрийг сонгодог. Энэ өдөр гадаах дулаан 14- 16 градус байх ёстой аж.
-1983 онд Австралийн фермер, 61 настай Клифф Янг хэт холын марафонд өөрийн тэвчээр хатуужлыг сорьжээ. Энэ үеэр тэр 875 км зайд гүйсэн байна. Уг зайг 5 өдөр, 15 цаг, 4 минутад туулжээ. Өмнө нь тэрбээр хэдэн өдөр дараалан амралтгүй ажилласан ч ядардаггүй байсан гэнэ. Тиймээс ийм хол зайг туулахаар зориглосон гэжээ.
-Гаитигийн гүйгч Дьёдонн Ламот 1984 оны олимпийн марафоны тэмцээнд сүүлийн буюу 78-р байр эзэлсэн ч тун баяртай үлдсэн гэнэ. Учир нь тэр өөрийн зайгаа бүрэн туулж чадсан юм. Хэрвээ замаа дуусгаж чадахгүй бол алан хядагчид түүнийг ална хэмээн заналхийлээд байжээ.
-Нэг олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэн анхны америк тамирчин Вилма Рудольф багадаа хөлний гажиг засах аппараттай явдаг байв. Энэ талаар тэр “Эмч намайг хэзээ ч алхаж чадахгүй гэж хэлсэн. Гэхдээ ээж минь намайг чадна гэж үргэлж хэлдэг байлаа. Би ээждээ итгэсэн” хэмээн ярьжээ. “Хар гөрөөс”, “Хар сувд”, “Торнадо” зэрэг олон хочоороо алдаршсан энэ бүсгүй 1960 оны Ромын олимпод 100, 200, 4х100 метрийн буухиад түрүүлж, дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэсэн алдрыг хүртэж байв.
Б.ЭНХЖИН