Сүүлийн үед дуулианы эзэн болоод буй У.Хүрэлсүх гишүүний асуудлыг УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит хуралдаанаараа хэлэлцэв. Уг хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын гишүүнээс чөлөөл өгдөх У.Хүрэлсүхийн хүсэлтийн талаар нэлээн нухацтай ярилцсан аж. Удирдах зөвлөл нь “Гишүүн У.Хүрэлсүх нь хуульд заасан үндэслэлээр хүсэлтээ гаргасан учраас дараах үйл ажиллагаа нь мөн хуулийн дагуу явах ёстой” гэж шийджээ. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүний хүсэлтийг нам нь хүлээн авсан гэж үзэж болох аж. УИХ дахь МАН-ын гишүүдийн тэргүүн Н.Энхболд “Эл асуудлыг УИХ энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ. Хуулиар жагсаалтаас сонгогдсон гишүүн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тохиолдолд жагсаалтад түүний дараа орсон хүнийг тавина. Тэгэхдээ УИХ-аас У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг хүлээн авч, чөлөөлсний дараа энэ асуудлыг ярина” гэлээ.
МАН-ын бүлгийн хуралдаанаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь хоёрыг нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгохтой холбоотой хуулийн төслийг 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэж батлах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн сарын 21-25-нд Канад улсын Квебек хотноо Олон улсын Парламентын холбооны хуралдааны үеэр Социалист интернационалын бүлэг хуралдаж Монголын парламентын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон МАН-ын бүлгийг УИХ албан ёсоор баталгаажуулж өгөхгүй байгаа тухай мэдэгдсэн юм байна. Үүнтэй холбоотойгоор Социнтернийн хуралдаанаас “УИХ дахь МАН-ын бүлэг байгуулах эрх, сонгуулиас хойших асуудлыг ардчилсан зарчмаар шийдвэрлэх шаардлага байна” гэж үзээд энэ асуудалд Олон улсын парламентын холбооны удирдлагын анхаарлыг хандуулах болно гэсэн аж.