УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцээд хүлээн авлаа. “У.Хүрэлсүх гишүүнийг өргөдлөө өгөхөд нь би “Та пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр өргөдлөө танилцуулах уу” гэж асуусан. “БНСУ руу яаралтай явах шаардлагатай тул миний өмнөөс өгчихөөрэй” гэж тэр хэлсэн. Өргөдөлдөө “Миний гэр бүлийн хүний биеийн байдал тааруухан байна. Тиймээс урт хугацаагаар асрах шаардлагатай тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэж бичсэн байсан” хэмээн УИХ-ын спикер З.Энхболд тайлбар хийсэн.
Мөн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, түүний орны хүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ц.Шаравдорж дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гаргасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гиш үүд хүсэлтийг нь хүлээн авав. Түүний оронд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Болдбаатарыг томилсон. УИХ-ын гишүүд “УИХ-ын Тамгын газрын даргаар залуу хуульч ирж байгаа нь олзуурхууштай. Сайн ажиллаарай. УИХ-ын гишүүд янз бүрийн ааштай, ажилдаа улс төрийн байр сууринаас хандалгүй зөв ажиллах ёстой” хэмээн захилаа.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзсантай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл уржигдар орой хуралджээ. Намын жагсаалтын 10 дугаарт нэр нь бичигдсэн тус намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээр тангараг өргүүлэх асуудлыг СЕХ-нд хүргүүлэхээр болсон байна. СЕХ энэ хүсэлтийг хүлээн авбал Д.Сарангэрэлийн асуудлыг энэ долоо хоногт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд ирэх долоо хоногт тангараг өргүүлэх байх гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ.
Г.ГЭРЭЛ