Орон нутгийн сонгуульд Налайх дүүргээс нэр дэвшиж байгаа МАХН-ын 15 гишүүнийг сонгуулийн хороо бүртгэхгүй байгаа аж. Энэ хэргийн шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өчигдөр болох байсан ч дахин хойшиллоо. Хойшилсон шалтгааныг Налайх дүүргийн сонгуулийн хорооноос өмгөөлөгч авахыг хүссэн бөгөөд өмгөөлөгч нь хэрэгтэйгээ танилцаж амжаагүй хэмээн тайлбарласан байна.
Энэ талаар Налайх дүүргийн МАХНын Мянгатын дарга Ц.Хатанбаатар “Манай өмгөөлөгч болон хуульчид хэрэгтэй танилцах хугацаа хангалттай байсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаагийн шүүх хурал хойшлох ямар ч шалтгаан байхгүй. Манай хүмүүсийг бүртгэхгүй байхын тулд энэ мэтчилэн арга саам хэрэглэсээр байна. Дараагийн шүүх хурал дээр өөр ямар шалтгаан хэлж орж ирэхийг нь мэдэхгүй байна. Биднийг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн МАН-ын явуулгыг сонгуулийн хороо нь харуулаад байна” хэмээн ярилаа.
МАХН-ыг Орон нутгийн сонгуульд дулимагхан хүчтэй оролцуулахын тулд МАН аймаг, дүүргүүдийн сонгуулийн хороонд даалгавар өгч байна хэмээн МАХН-ынхан мэдэгдлээ.
Г.Тэргэл