МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ялагдлаа ялалт болгон хувиргахаар орон нутгийн сонгуульд ханцуй шамлан оржээ. Баянзүрхчүүд "Миний Баянзүрх", Баянголчууд "Иргэн Та дүүрэгтээ эзэн нь", Сүхбаатар дүүргийнхэн "Иргэндээ нээлттэй байх, иргэндээ ойртсон, иргэндээ амьд харилцаатай байх", Сонгинохайрхан дүүргийн намын хороо "Дүүргийн хөгжилд түмний тус хэрэгтэй" гэсэн уриа дэвшүүлж, Төрийн албыг төрлийн алба болгож, бүхнийг хүч түрж байгаа энэ засаг төрд хяналт тавихын төлөө ажиллах бол АН-ынхан “Бүр олуулаа болж, бүхэлд нь шинэчлэх” аж.
Орон нутгийн сонгуульд АН-тай хүч хавсрахыг хүссэн ч татгалзсан хариу сонссон МАХН ихэнхи тойрогт дангаараа оролцож “Шударга ёсыг тогтоохоо” амлажээ. “Ялж яваа Сталин хүүд 10 морь, ялагдаж яваа Гитлер хүүд 20 морь бэлэглэе” гэдэг яриа байдаг шиг энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН-д олон морь бэлэглэж мэдэх юм. Учир нь унаж яваа бөхөө уухайлж дэмждэг ард түмэн билээ, монголчууд.