Орон нутгийн сонгуульд МАХН-аас Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэрээ дэвшүүлсэн хэсэг хүнийг сонгуулийн тойргийн хороо нь бүртгэж аваагүй гэсэн хэл ам гараад буй. Тэд өөрсөдтэй нь өрсөлдөхөөр МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг энэ үйлдэлд холбоотой, нөлөөлсөн гэж үзэж буй юм байна. Харин бидэнд энэ явдал огт хамаагүй гэж МАН-аас нэр дэвшсэн хэсэг хүн өчигдөр сэтгүүлчдэд хэллээ.
Сүхбаатар дүүргийн 8, 9, 15 дугаар хороонд нэ р дэвшигчид “Бид бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүс. Хэн нэгэнтэй өрсөлдөхөөс эмээж, элдэв башир арга хэрэглэхгүй. МАХН-аас нэр дэвшигчидтэй шударгаар өрсөлдөхийг хүсэж буй учир сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийг тэдэнд олгохыг тойргийн хорооноосоо бичгээр хүснэ” гэж мэдэгдэв.
МАН-аас нэр дэвшсэн залуусын дотор олны танил хүн гэвэл, олимпийн хүрэл медальт, Азийн хошой аварга боксчин Н.Баярсайхан байна лээ. МАХН-аас нэр дэвшигчдийг хоёр намд харьяалалтай байна, өөрөөр хэлбэл өргөдлөө өгч МАН-аас албан ёсоор гараагүй байсан гэж үзэж, тойргийн хороо нь бүртгээгүй аж.
Р.ЖАРГАЛАНТ