Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл, технологийн төвөөс орон нутгийн сонгуулийг анх удаа автомат системээр явуулах болсонтой холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Тус төвийнхөн сонгуулийн хороодоос баталсан саналын хуудсыг программд оруулж, загварыг нь үүсгээд байгаа төдийгүй гурван байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, санал тоолох төхөөрөмжийг баталгаажуулах ажил хийж эхэлжээ. Энэ хүрээнд туршилтын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж болгонд уншуулж, үр дүнг тулган шалгаж байгаа аж.
Тус төвийн захирал Ж.Эрдэнэбат “Төлөвлөгөөний дагуу автоматжуулсан системийн тестийн ажлыг энэ сарын 15-наар дуусгавар болгож, өгөгдөл дамжуулах туршилтыг хийнэ. Одоогийн байдлаар таван аймгийн санал тоолох төхөөрөмжийг бэлэн болгож, найман аймагт автомат системийг дагалдах хэрэгслийн хамт хүргүүлсэн” гэлээ. 2500 машиныг 2010 хэсгийн хороонд хуваарилсан байна.
Мөн сонгуулийн үеэр нөөцөд үлдээсэн 490 машиныг сонгогч олонтой хэсгүүдэд нэмж хуваарилах аж. СЕХ-ны дэргэдэх Мэдээлэл, технологийн төв нь санал хураах үед автомат машин гацах гэх мэт гэнэтийн саатал гаргахгүйн тулд холбогдох ажлыг хангаж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажил 50 хувьтай байна гэв.
Г.ТЭРГЭЛ