УИХ-ын бүтцэд шинээр байгуулсан Өргөдлийн байнгын хорооны анхны хуралдаан өчигдөр боллоо. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын Байнгын хороо, гишүүдэд ирсэн өргөдөл, гомдлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий тус хороо 14 гишүүнтэй байгуулагдсан. “Байнгын хорооны үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд Ажлын албыг 15-20 хүнтэй болгон өргөтгөх, иргэдээс хүлээн авсан өргөдөлтэй холбоотойгоор олон нийтийн хэлэлцүүлэг зохиох, цаасан өргөдлөөс гадна цахим хэлбэрээр ирсэн өргөдлийг хянан хэлэлцэх техникийн болон боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэж Байнгын хорооны дарга Р.Бурмаа ярив.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах, хамаарахгүйгээс үл шалтгаалан энэ хороонд ирсэн бүх өргөдөлд анализ хийх ёстой. Хүн хүчний боломжгүй бол жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн бие төлөөлөгчдийг энэ ажилд хамруулж болно. УИХ-д Өргөдлийн байнгын хороо ажиллах нь шууд ардчилал хэрэгжиж байгаагийн нэг хэлбэр.
Парламент аливаа асуудлыг олон хоороо, хуралдааны хэлбэрээр шийдвэрлэдэг хууль тогтоох байгууллага атал иргэд УИХ-ын гишүүдийг захиргааны ажилтантай адил ганцаарчилсан шийдвэр гаргадаг гэж ойлгож, хувийн чанартай хүсэлт тавьж, хүндрэл учруулдаг. Үүнээс гарах гарц нь энэ хороо бөгөөд УИХ-ын гишүүдэд нэгдсэн байдлаар дохио өгдөг уураг тархи нь байх ёстой” гэлээ.
Г.РАВЖАА