У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлж, шинэ томилгоо хийлээ
Сайн дураараа өргөдөл гаргаж, ажлаа өгч байгаа эрхмүүдийн сүүлийг мушгиж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлж шуугиан тарьсан билээ. Тэгвэл өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг УИХын гишүүнээс, Ц.Шаравдоржийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилов.
УИХ-ын гишүүн болон Тамгын газрын даргыг хөндлөнгийн шахалт дарамтад өртөж өргөдлөө өгсөн гэх хардлага газар авч байгааг эрхэм гишүүд “эмзэглэн” хүлээж авч байгаа бололтой. Тухайлбал Р.Гончигдорж гишүүн “Ар гэрийн гачигдал зовлонтой нөхрөө ойлгоод, УИХ-ын гишүүнээр нь үлдээгээд, урт хугацааны чөлөө өгөөд явуулчихъя” гэсэн санал гаргасан бол Ц.Оюунгэрэл гишүүн “Гэргийдээ сэтгэл тавьж буй Хүрэлсүх гишүүний үйлдэлд сэтгэл хөдөлж байгаагаа” илэрхийлээд авна лээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “У.Хүрэлсүх гишүүн гэргийгээ удаан хугацаагаар тууштай эмчлүүлэх шаардлагатай, өөрийнх нь хүсэлтийг хэлэлцэх чуулганы хуралдаанд оролцох боломжгүй тул УИХ-ын даргын хувьд намайг асуудлаа мэдээд шийдэхийг захисан” гэж мэдэгдсэн юм. Ингээд гишүүдийн 58,3 хувийн саналаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх үеэр Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын даргад хандан “УИХ долоо хоног бүр 4-5 хүнийг чөлөөлдөг ажилтай боллоо. З.Энхболд дарга аа, Та энэ хүнийг өргөдлөө өг гэв үү, Ц.Шаравдорж өөрөө өргөдлөө өгч байна уу” хэмээн хэлээд амжсан юм. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Болдбаатарыг томилох саналыг оруулж батлууллаа. Энэ үеэр ажлаа хүлээлгэн өгч буй Ц.Шаравдорж болон УИХын гишүүн Ц.Нямдорж нараас цөөн асуултад хариу авсан юм.
Ц.Нямдорж: Шахалт дарамтаар ажлаас нь чөлөөлж байна
-Төрд чухал алба хашиж байгаад сайн дураараа ажлаасаа татгалздаг жишиг тогтох нь. Дөнгөж сая УИХ У.Хүрэлсүх, Ц.Шаравдорж нарын чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болголоо. Ийм өргөдлийн ард дарамт, шахалт бий гэх хардлага яваад байдаг. Халуун тогоонд нь байгаа хүний хувьд Та үүнийг аль өнцгөөс харж байгаа вэ?
-Тодорхой албан тушаал хашиж байгаад өргөдлөө өгсөн хүмүүсийн асуудлыг шахалт, дарамтаар шийдвэрлээд байгаа шүү дээ. Ил далд хэлбэрийн шахалт дарамтаар ажлаас нь чөлөөлж байна. АТГ-ын даргаас эхлээд Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор ч хөндлөнгийн шахалтаар ажлаа өгсөн. Дараа нь ийм шахалтад Төрийн нарийн бичгийн дарга нар өртсөн. Сая Монголбанкны ерөнхийлөгчийг бас ерөнхийд өө шахалтаар чөлөөлчихс өн. Одоо Ц.Шаравдоржийг... Би Ц.Шаравдоржийг зүгээр нэг ажлаа өгөөд явчихаж байгаа хүн гэж бодохгүй байна. Өөртэй нь ярилцаагүй ч тэр хүнд ажил хийхэд маш хүнд байсан байх.
-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг бас шахалтаар өргөдлөө өгчихлөө гэж байна ?
-У.Хүрэлсүх гишүүнд ийм шахалт дарамт байгаагүй, цэвэр ар гэрийн шалтгаан байсан.
-Үйл явдлууд өнгөн талаас нь харахад сайн дураар, цаанаа бол хүч хэрэглэж ажлыг нь авч байгаа гаж жишиг Монголын Төрд тогтчих вий гэх болгоомжлол төрж байгаа нь нууц биш. Үүнийг яаж зогсоох арга зам бий юу?
-Би байнга нэг юмыг хэлдэг. Төрийн хуулийг хүндэтгэдэг зориг зүрхтэй бай гэж. Шахалт ирэхэд “Би хуулийн дагуу ажиллаж байна” гэдэг үгийг хэлэх чадвартай байх ёстой юм л даа. Өөрөөр хэлбэл, төрд ажиллаж байгаа хэн ч байсан шаардлага гарвал хуулийн төлөө, зарчмын төлөө тэмцэж чадах сэтгэлийн тэнхээ байх ёстой. Тэдэнд энэ дутагдаж байна. Харамсалтай нь, ямар нэгэн шахалтад өртөж өргөдөл өгч байгаа хүмүүс сул талаа харуулж байгаа хэрэг. Зарим албан тушаалтныг улс төрөөс ангид байлгахын тулд зургаан жилээр томилдог.
Зургаан жилийн мөчлөгтэй цөөхөн албан тушаал байдаг. Энд Үндсэн хуулийн зарчим мөрдөгдөж байдаг. Гэтэл өнөөдөр энэ тогтолцоо алдагдаж эхэллээ. Нэмж хэлэхэд, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг бас л шахалтаар явуулчихлаа. Ажиллах аргагүй л болсон. Анхны дарга Б.Баттулга нь мөн л шахалтаар чөлөөлөгдсөн. Саяхан СЕХ-ны даргыг явуулаад, шинэ хүн томилсны дараа АН өөрийнхөө хоёр суудлыг оруулж ирж байгаа юм. Ийм шударга биш юм хийх гэж шахалт үзүүлдэг байхгүй юу.
Д.ОТГОНЖАРГАЛ