-УИХ-ын чуулганы танхимд Та өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгч байна гэж мэдэгдсэн боловч зарим гишүүн
таныг шахалтад өртсөн гэж ойлгож байна. Гишүүд төдийгүй олон нийтэд нэг өнгөөр харагдаж байгаа асуудалд Та ямар хариу өгөх вэ?
-Энэ талаар би нэг их олон юм яримааргүй байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө би нэлээд бодож байж бичсэн. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, шударга ёс, асуудалд хууль ёсны үүднээс хандах, үнэлэлт дүгнэлт өгөх гээд олон асуудлыг тал талаас нь харах хэрэгтэй байна. Зарим нөхөд танд шахалт дарамт ирсэн үү гэж асууж байна. Намайг хэн ч шаардаж, шахаагүй гэдгээ би хэлсэн. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлаас болж өргөдлөө өгөх цаг нь болсон юм байна гэж шийдсэн.
-Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах боломж алдагдаад байсан гэсэн үг үү?
-Тамгын газрын үйл ажиллагаа одоо хүртэл хуулийн дагуу хэвийн явагдаж байгаа. Манай Тамгын газрынхан үүргээ зохих ёсоор сайн гүйцэтгэж байгаа гэж би боддог.
-Таныг МАХН-д элэгтэй хүн. Яг одоо тэнд Ц.Шаравдоржийн хэрэг гарсан, энэ намын асуудлыг цэгцлэх шаардлага гарсан учраас өргөдлөө өгчихлөө гэсэн таамаг явж байна л даа?
-Энэ тухай би өөрөө бодож үзээгүй ч, намайг өргөдлөө өгсний дараа хүмүүс аль хэдийнэ МАХН-д аваачаад, эсвэл өөр ажилд томилоод тавьчихсан. Хүний бодоогүйг Ванга маягтай урьдчилаад шийдчихдэг улсууд байх юм. Гэхдээ би улстөрд 16 жил зүтгэхдээ МАХН-ын гишүүн байсан нь үнэн. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг авахдаа хуулийн дагуу намын гишүүнчлэлээс татгалзсан нь үнэн. Одоо надад МАХН-ын үнэмлэх хадгалагдаж байгаа нь үнэн. Ийм гурван үнэн надад байна.