Нинжа нар олборлосон алтаа Монгол банкны “Эрдэнэсийн сан”-д тушаадаг эсэх талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.
-Хувиараа алт олборлогчид энэ жил хэдэн кг алт тушаав. Монголбанк хувь хүмүүсээс алт авахдаа ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ?
-Манайх хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас алт худалдан авах журмын дагуу ажилладаг. Хувь хүн, албан байгууллага алт тушаахдаа сорьцоо заавал баталгаажуулсан байх ёстой. Журмын дагуу хувь хүнээс доод тал нь 300 грамм алт авдаг. Манайх алт худалдаж авахдаа дэлхийн зах зээлийн тухайн өдрийн ханшаар тооцдог. Энэ жилийн тухайд хувиараа алт олборлогчид яг хэдэн кг алт тушаасныг хэлэх боломжгүй. Ер нь бага л байгаа. Хувь хүмүүс манайд тэр бүр алт тушаагаад байдаггүй юм шүү дээ.
-Алт тушааж байгаа хувь хүмүүсээс ямар татвар, төлбөр авдаг вэ. Тэдэнд хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг үү?
-Хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас нөөц ашиглалтын төлбөр гэж таван хувийн татвар авдаг. Мөн хүн амын орлогын албан татвар төлдөг. Харин гурван тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж байгууллага 25 хувийн татвар төлөх хуультай. Ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал байхгүй.
Д.ДАЙРИЙЖАВ