УИХ-ын чуулганаар ойрын өдрүүдэд Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа.
Энэ төсөл хэрхэн батлагдахаас хамаарч монголчууд та бидний төрөөс хүртэх ёстой тэтгэмж, төрийн албан хаагчдын цалингийн хэм, хэмжээ шийдэгдэх ёстой. Гэтэл шинэчилсэн Засгийн газраас УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн уг төсөл нь жинхэнэ утгаараа дээрэм болж хувирах бололтой. Дээрэм, дээрэмдээ хөлс хүчээ шавхан байж ажилласан жирийн иргэний цалин пүнлүүг дээрэмдэх замаар өөрсдийнхөө идэх бялуунд хачир нэмэх тийм дээрэм аж.
Энэ онд С.Батболдын Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг дарга, цэрэг гэж ялгалгүй дунджаар 53 хувиар нэмсэн. Мөн тэтгэврийн дээд хэмжээг 71,2 хувиар өсгөж, халамжийн тэтгэврийг 1,9 дахин нэмсэн байгаа. Гэтэл УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулснаар шинэчлэлийн Засгийн газраас ирэх онд төдийгүй ирэх дөрвөн жилд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй гэдгээ зарлаж байна.
Тэр ч бүү хэл хүүхдүүдээс хоолыг нь булууна гэдгээ ч ил тодоор, ичиж зовохгүйгээр зарлачихлаа. Бод л доо, үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургууль болон техник мэргэжлийн сургуулийн дотуур байрны сурагчийн хоолны зардлыг 50 хувийг эцэг, эх хариуцахыг үүрэгдэж эхэлж байна. Цаашлаад монгол хүн бүрт олгодог байсан “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг хүчингүй болгочихлоо. Үүнийгээ “Хүүхдийн 20 мянгаар орлуулна” хэмээн зарлаж байгаа ч үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл 21 мянган төгрөгийн төлөө дугаарлаж, түүгээрээ арав хоногийн хоолоо хийдэг байсан хөдөлмөрийн чадваргүй олон мянган иргэдээ золиосолж орхисноо тэд хүлээн зөвшөөрөхгүй байна.
Боловсролын салбарын ажилтан, ажиллагсдад зориулан олгох байсан 36 сарын тэтгэмжийг шууд үгүй хийчихлээ. Өдөр бүр шохойнд хордож, өдөр бүр та бидний хүүхдийг сургахын төлөө мэдрэлээрээ тоглуулж, стресдэж суудаг багш нарт таван жилд нэг удаа олгохоор төлөвлөж байсан тэтгэмжийг шинэчлэлийн Засгийн газар “Багш хэрэггүй” хэмээн тунхаглах мэт төсвөөс хасчихлаа.
Ардын нам инфляцийн өсөлтөд байдгаа барьж дуусдаг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд амьдралаараа тоглуулж буй эмзэг бүлгийн иргэдэд туслахыг хүссэн ч Ардчилсан нам хүлээж авсангүй. Тэд энэхүү харгис хүслийнхээ төлөө амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн бүрт 21 мянган төгрөг олгохыг Ардын намын санаачилгыг ирэх оны төсвийн төслөөс өөрсдийн дураар хасчихав. Ойролцоогоор 612 мянган иргэнд энэ төрлийн тэтгэмжийг олгох зорилт байсан ч тэр нь шинэчлэлийн Засгийн газрын олигархижсан сайдууд таалагдсангүй.
Арга ч үгүй. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдад, Д.Бат-Эрдэнэ гэх Батлан хамгаалахын сайдад, Лу.Болд гэх Гадаад харилцааны сайдад, Х.Баттулга гэх Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн сайдын хувьд энэхүү 21 мянган төгрөг ердөө л шүд жигчийлэх цаас мэт санагдах учраас тэд “Энэ мөнгө хэрэг болох хүндээ их хэрэгтэй мөнгө шүү” гэдгийг ойлгохгүй байгаа байж болох юм. Эрх мэдлийн өндөрлөгөөс, эд хөрөнгийн баян цатгалнаас энгийн иргэний амьдралыг ойлгоно гэдэг ийм хэцүү учраас төрд эгэл иргэдийг оруулж ирэх зайлшгүй хэрэгцээ нь үүгээр харагдаж байна.
Ядаж л нэг дугуй “Атар” талхыг дангаар нь хар цайнд дүрээд идэхэд хаяхан хөлс гардгийг мэдэх тийм иргэн төрөөр дамжиж та биднээс дээрэм хийхгүйгээ сайтар мэдэх биз ээ. Энэ мэтээр үргэлжлэх төрийн дээрмийг хэрхэн зогсоох вэ. Үүний төлөө бодол санаагаа нэгтгэцгээе, монголчууд аа.
Н.Бүрэн