УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу хоёр сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Гэвч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оноос хойш компанийн нөөцийн хэмжээ шинэчлэгдээгүй, энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын тоо нэмэгдсэн, шатахууны хэрэглээ өссөн учраас нөөц бүрдүүлэх компаниудын нэрс, нөөцийн нэр төрөл, хэмжээг шинэчлэх шаардлагатай болжээ.
Иймээс 20 хоногийн нөөцтэй одоогийн байдлыг өөрчилж, улсын нөөц болон компанийн нөөцийг тус бүр 30 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд хүргэж, нийт 60 хоногийн нөөц болгон нэмэгдүүлэхээр бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт “НИК” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн мэдээлж, зарим газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалт хийсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд
-Өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн, газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд
-Зах зээл дээрх давамгай байдлаа урвуулан ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, олон нийтэд буруу мэдээлэл өгөх замаар аж ахуйн нэгж, иргэд болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулах санаатай үйлдэл гаргасан гэм буруутай этгээдүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажлыг судлан, хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд
-Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхц өл, шаардлагыг тодруулж, цаашид хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ.