2014-2016 оны хөрөнгө оруулалтыг юунд, хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг сонсохын тулд УИХ-ын чуулганыг түр завсарлуулаад байгаа билээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллах үеэр энэ асуудлаар иргэдийн санал бодлыг сонссон байна.
Цаашид орон нутгийн иргэд саналаа гаргаж, түүнийг нь ИТХ хэлэлцдэг зарчимд шилжих аж. Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт барьж буй Могойн голын ДЦС-ын талаар иргэд хөндсөн байна. Тиймээс ийм станц хэрэгтэй юү, барихдаа ямар зарчмаар хэрхэн хийх вэ гэдэг талаар орон нутгийн иргэдээр хэлэлцүүлээд ерөнхий схем гаргах хэрэгтэй.
Дараа нь түүнийг нь УИХ, Засгийн газраар хэлэлцээд 2014 оны төсөвт шаардлагатай мөнгийг шийдэж болно хэмээн эрхэм гишүүн сануулсан байна. Үүний дараа Д.Эрдэнэбат гишүүн аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуягтай уулзаж, цаг үеийн мэдээлэл сонсчээ.
Аймгийн хэмжээнд А80 автобензиний 20 гаруй хоногийн нөөц байгаа бол дизель түлшний хувьд нийт 16 тонн орчим л байна. Үүнийг зөвхөн албан хэрэгцээ, аймгийн онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа аж. Тус аймгийн хувьд сүүлийн хэдэн өдөр орсон цасны улмаас өвөлжилт хүндрэх хандлагатай болжээ. Энэ байдал үргэлжилбэл орон нутгийн сонгуульд малчид оролцож саналаа өгөхөд хүнд болох гэнэ. Тиймээс Аймгийн онцгой байдлын хэлтсээс хүчээ дайчлан зам, давааг нээх зэрэг үйл ажиллагаа явуулж буй юм байна. Мөн Хөвсгөлд өлсгөлөн зарлаад буй МҮАН-ын гишүүдийн төлөөлөлтэй тэрбээр уулзжээ. Тус намын аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн учраас эдгээр иргэн өлсгөл өн зарласан байна.
Д.Эрдэнэбат гишүүн тэдэнд хандан “Орон нутагт хэт улстөржиж болохгүй. Биеэ бодох хэрэгтэй. Аль болох ойлголцож, зөвшилцөх ёстой. Учир байдлыг тодруулъя” гэж хэлсэн. УИХ дахь олонхийн бүлгийн дарга өөрсдийнх нь үгийг сонссонд МҮАН-ын гишүүд талархсанаа илэрхийлсэн байна.
С.УУЛ