Монголын даамын холбоо энэ жилээс түргэн тоглолтын УАШТ-ээ олон шаттай зохиож, урьдчилсан тэмцээний шийдвэрлэх тоглолтуудыг Үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлсэн нь шинэлэг алхам болсон билээ.
Эрэгтэйчүүдээс Ази тивийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдээс улсын аварга, спортын мастер Э.Мандахнаран нар өмнөх хоёр урьдчилсан тэмцээнд хоёуланд нь түрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд рапид тоглолт (10 мин+3 сек)-ын УАШТий гурав, дөрөвдүгээр шатны тэмцээн “Хос мастер” клуб дээр боллоо.
Швейцарь системийн есөн тавилд явагдсан уг тэмцээнд эрэгтэйчүүдээс их мастер Д.Эрдэнэбилэг түрүүлж, спортын мастер Ц.Хашчулуун, ДДХМ Р.Манлай, ОУМ О.Түвшинболд удаалсан бол эмэгтэйчүүдээс энэ оны улсын аварга, спортын мастер Б.Нандинцэцэг, Хятадын нээлттэй тэмцээний дэд аварга Э.Мандахнаран, Азийн аваргын хүрэл медальт М.Нямжаргал нар эхний гурван байрт шалгарлаа. Ийнхүү дөрвөн тэмцээний турш цуглуулсан оноогоор нь эрэгтэйчүүдээс эхний 16, эмэгтэйчүүдээс найман тоглогчийг шалгаруулж, арванхоёрдугаар сард болох финалын шатанд оролцуулахаар боллоо. Сонирхуулахад эдгээр тэмцээнүүдэд давхардаагүй тоогоор нийт 53 даамчин өрсөлджээ. Түүнчлэн гурав, дөрөвдүгээр шатны тэмцээн нэг зэрэг болсон тул тамирчдын авсан оноог хоёроор үржүүлсэн байна.
Мөн энэ үеэр блиц тоглолт (5 мин+2 сек)-ын улсын аварга шалгаруулах тэмцээн болоход их мастер Д.Эрдэнбилэг боломжит 18 онооноос 16-г авч түрүүлэн, спортын мастер Б.Ганзориг 13, ОУМ О.Түвшинболд 12 оноогоор удаалан, спортын мастер Ц.Балжинням 12, О.Энхбат 11 оноогоор “айргийн тав”-д шалгарлаа. Харин эмэгтэйчүүдээс Э.Мандахнаран 15 оноогоор аваргалж, спортын мастер М.Нямжаргал 12, Б.Нандинцэцэг 10 оноогоор мөнгө, хүрэл медалийн болзол хангажээ.

А.ЭРДЭНЭБОЛД