Ажилтай, орлоготой монгол хүн “зүй бусаар” хорогдож, үнийн хөөрөгдөлд нэрвэгдэх боллоо. Уг нь шинэчлэлээр тодотгосон хүчнийхэн төрийн эрхэнд гарахдаа инфляцыг нам барьж, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахаа ам уралдан мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр бодит байдал эсрэгээрээ. Харин ч өглөө бүхнийг үнийн хөөрөгдлөөр угтдаг болов. Тийм учраас л улс орныхоо амьдралыг алган дээрээ тавьсан мэт харж, арга хэмжээ авч чаддаг ууган улс төрийн хүчний орон зай ус, агаар шиг үгүйлэгдэж байна. Энэхүү орон зайг бид өмнө нь огт анзаардагг үй байж. Харин өнөөдрийн нийгэм яах аргагүй нэгийг бодогдуулах боллоо. Зүй нь Монгол Улсын түүхээс салгаж ойлгомгүй Монгол Ардын Намын үйл хэрэг, ноён нуруу энэ улсыг хүчирхэг байх гол багана нь болдог юм байна.
Он цагийн шуурганд олонтаа өртөж байсан ч ах намынхан ард түмнээсээ нүүр буруулж байсан нь үгүй. Энэ удаад ч ард түмнээ түшиж, амьдралынх нь сайн сайхны төлөө урагш тэмүүлж, хамтдаа бүтээхийг эрмэлзэж байна. Аавын хүүхдийг үзэл бодол, өмссөн зүүснээр нь алагчилж, ардчиллыг өмчирхөж, ах дүүсээрээ төрийн албыг дүүргэхийн эсрэг тэд ажиллаж чадна. Төрийн ноён нуруу, түмний итгэл найдвар гэдэг ардчиллын салхинд ганхаж, хуулийн дээс алхахыг хэлдэггүй юм. Ардчилсан хүчин ялж, баян тансаг, эрх чөлөөт, сэтгэл татам улсыг бий болгоно гэж амлаж байгаа ч чихэнд нэг л наалддаггүй. Тэд хэдийгээр бүхнийг шинэчлэхээр төлөвлөж, зүг чигээ гарган ажиллаж байгаа ч өмнөхөөсөө ухарсан, үйл хэрэг нь мухард сан, ард түмнээ алагчилсан, хуулийг гууль болгосон үг, үйлдэл ардчилсан хүчнийхээс харагдаж байна. Гагцхүү олон жил өлсгөлөн ходоодтой суусан фракциудаа албан тушаалын “бя луугаар” тэнхрүүлж л амжлаа. Дээр нь сүй тавьсан эрээвэр хураавар хүчний цуглуулгаа ч гом доосонгүй.
Харин энэхүү шинэчлэлийн сүүдэрт Монголын төр муухай харагдаж эхэллээ. Гадна, дотны мэдээллийн цахим хуудсанд ч манай улс төрийн байдлыг егөөдөж, өөлөх нь элбэгшив. Ёстой л Ерөнхийлөгч Ц.Элбэг доржийн хэлсэнчлэн “Монголыг юу муухай харагдуулж байна” гэдэгт төрийн хяналт ус, агаар шиг үгүйлэгдэх болжээ. Харин энэ бүхний эцэст ард түмний нуруун дээрх ачаа улам хүндэрч, шатахууны үнэ, гол нэрийн бараа бүтээгдэхүүний ханш өссөнийг л шинэчлэл гэж харах шаардлагатай болох нь. Ардчиллын салхи үлээж, партизанууд нь Засгийн эрхэнд гарсан даруйдаа сонгогчдоосоо нүүр буруулсан. Тиймдээ ч 2013 оны төсвийн төсөл бүхэлдээ шинэч¬лэлийн Засгийн газрыг ард түмэндээ бус “хөрөнгө мөнгөнд” элэгтэйг нь илтгэлээ.
Цэцэрлэгийн багачуудаас халбага хоол харамлаж, хөгши¬д буурлын тэтгэврийн хэдийг хэвээр үлдээсэн нь ийн бодоход хүргэлээ. Гэвч өглөө бүхнийг үнийн хөөрөгдлөөр угтах болсон ирэх өдрүүдэд энэхүү зорилтот бүлгийн өдөр тутмынх нь амьдралд ууган хүчний дуу хоолой яах аргагүй үгүйлэгдэж буй. Тиймээс л энэ төрд хяналт хэрэгтэй байна. Би хүчирхэг Монгол Улсад л амьдрахыг хүсдэг. Энэ бол дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны цус судсаар нь урсаж буй монгол хүн бүрийн чин хүсэл. Эрх чөлөөтэй, айдас хүйдэсгүй, амгалан тайван, өөрөө болон үр хүүхэд нь ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл саруул, сурч боловсрох боломжтой, элбэг хангалуун амьдралтай, улс орон нь хөгжиж дэвжсэн харийнхны өмнө нүүр улайхгүй хүчирхэг улсаа мандуулах нь монгол үндэстэн бүрийн сэтгэлд уяатай байдаг гэгээн мөрөөдөл юм. Энэ бол үл гүйцэлдэх хүсэл мөрөөдөл бус, харин төрийн мэргэн бодлогоор улс орноо хөгжил дэвшилд хэрхэн хөтлөхөөс хандах зүг нь тодорхойлогдох зүй тогтол юм.
Хүчирхэг Монгол хэнээс, хаанаас эхлэх вэ? Надаас, Танаас, Биднээс эхэлнэ. Бүр миний гудамжнаас, миний багаас, манай сумаас, манай хорооллоос эхэлнэ. Бид гэр орноо, амьдардаг орчноо ахуй амьдралаа өөд татаж чадваас улс орон маань өөдлөн дэвжихийн үүд хаалга нээгдэнэ. Ингэснээр Миний, Таны мөрөөдөл, чин хүсэл ч биелнэ. Чухам иймээс л нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа чухлаас чухал юм. Гол нь мэргэн ухаан бус иргэн таны дуу хоолойг төрд хүргэх төлөөллөө зөв сонгох нь л хамгийн чухал. Төрийн бүтэц үйл ажиллагаа хэвийн болж, өөртөө итгэлтэй ухаантай амьдрахад л болно. Үүний тулд төрдөө зөв хүнээ сонгох учиртай. Бидний мэргэн сонголт сум, аймаг орон нутгаа хөгжүүлэх, цаашлаад улс орноо хүчирхэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох учиртай. Төрийн биш төрлийн хэлхээ болоод байгаа энэ тогтолцоог өөрчилж, төрийн албан хаагчдыг хамгаалахаар Монгол Ардын Нам амлаж байна. Гахай гахайгаар нь багласан импортын бараа шиг монгол руу нүүдэллэх харийнхны замбараагүй үйлдлийг ч багасгах гэнэ. Мөн эрх баригчдын хэнбугайд ч хуулийн дээс алхахыг зөвшөөрөхгүй. Гагцхүү ард түмнийхээ дуу хоолой болж, тэднийгээ хамгаалахаа тэд тангарагалж байна.
Цаашлаад хэлмэгдүүлэлтийг зөвшөөрөхгүй, хүчтэй хяналт тогтооно. Гол нь иргэдийнхээ төлөөлөл болох тэрхүү хүнийг ард түмнээсээ сонгоно. Ингэснээр иргэддээ тушаахгүй, иргэддээ зөвхөн үйлчилнэ. Хэрэглэгч хаан гэсэн зарчмыг зөвхөн ард түмэн л эдлэх болно. Ингэж байж иргэдийнхээ зовлон жаргалыг тэлсэн бус төрсөн мэт хуваалцана. Хүнд суртлыг үгүй хийж, шат дамжлагагүй шууд үйлчилнэ. Улмаар Монгол Улсын иргэн бүр эх нутагтаа эзэн нь байж, газар шорооныхоо өмчлөгч нь байх учиртай. Иймд иргэн бүртээ газрыг нь өмчлүүлнэ. Худаг усны хомсдолыг арилгаж, хог шорооноос салгана. Гэмт хэргийн гаралтын эх үндэс болдог харанхуй гудамж талбайг гэрэлтүүлж, олны тусын тулд бүх үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Хамгийн гол нь эхлүүлснээ дуусгах, дундуураа дүүргэх, ялангуяа бүтээн байгуулалтын үйлсээ үргэлжлүүлэх боломжийг Монгол Ардын Намынханд олгоё.
Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг эртний мэргэн үг бий. Олонх байхдаа эхлүүлээд дуусгаж амжаагүй байгаа ажлуудаа гүйцээж, үр дүнг нь үзэх тэр боломжоор нь хангая. Тэд ч орон нутгаа хөгжүүлэх сайн хөтөлбөр дэвшүүлсэн байна лээ. Түүнийгээ хэрэгжүүлэх нөхцөл бий. Үүнээс хэн хожих вэ? Сонгогчид, орон нутаг хожно. Улс төрийн хожил гэхээс илүү төрийн, ард түмний эрх ашгийн хожил болох болно. Иргэд, өөрөө удирдах ёсны байгууллагын хяналтыг хэрэгжүүлэх, төрийн хэргийг зөвхөн нэг хэсгийн эрх ашигт нийцүүлэх гэсэн оролдлогыг хязгаарлах хүчтэй хөшүүрэг үйлчилнэ. Хуульгүй, хяналтгүй, дур зоргоор, хүч түрж шийдвэрлэдэг үйлдэл, хандлагыг орон нутагт дэлгэрүүлэхгүй байх, хүчний харьцааг тэгшитгэх, эрх мэдлийг тэнцвэржүүлэх шаардлагатай байна. Орон нутгийн сонгууль бол олон түмний хүлээлт, улс орны эрх ашгийн амин чухал асуудал юм. Тиймдээ ч МАН-ынхан энэ улсын ууган хүчний хувьд, шалдар булдар энэ нийгэмд хяналтаа тогтоон ажилласаар байна. Жолоодлогогүй төрд цулбуур нь болж, хараа хяналтыг сайтар тавих шаардлага бий боллоо. Олны өмнө онгироо байдлаа харуулж, хуулийн дээсийг хэдэнтээ давсан даврагчдад хазаар, хяналт зайлшгүй үгүйлэгдэж байна. Бидэнд нэг мэхэнд хоёр удаа унах эрх байхгүй. Сайн цаг ирнэ ээ!
Ц.ЦЭНГЭЛ