Сонгуулийн ерөнхий хорооноос бүх саналын хуудсыг хэвлэж дуусаад сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлж эхэлжээ. Нийт 1.900.000 гаруй саналын хуудас сонгогчдын гарт очих юм байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж цас зудтай байгаа аймгуудад сонгуулийн ирц хүрэхгүй болох магадлал өндөр байгаа.
Энэ талаар СЕХ-ноос тодруулахад “Хэрэв цаг агаарын байдлаас шалтгаалж ямар нэгэн хүндрэл үүсэх тохиолдолд сонгуулиас өмнө СЕХ-гоор энэ асуудлыг хэлэлцэж, цаг тухайд нь арга хэмжээ авна. СЕХ-ноос аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дарга нар болон сонгуулийн бүх тойрог, хэсгийн хороодын дарга нартай уулзаж, бэлтгэл ажилтай холбогдуулж танилцуулга, хурал хийсэн” гэв.
Шаардлагатай тохиолдолд саналын хуудсыг битүүмжилсэн зөөврийн хайрцгаар авдаг. Үүнийг малчдаас санал авахад ашиглаж болох, эсэх талаар асуухад “Эрүүл мэндийн байдлаас болж, өөрийн биеэр очиж санал өгөх боломжгүй хүмүүсийн саналыг битүүмжилсэн зөөврийн хайрцгаар авдаг. Сонгууль болохоос тав хоногийн өмнө энэ тухай хэсгийн хороодод урьдчилан мэдэгдэж, тодорхойлолттой, гарын үсэгтэйгээр зөөврийн хайрцгийг гэрт нь хүргүүлдэг” гэлээ.