Улс төрийг урлаг, спортоос ангид авч үзсээр ирсэн бидний хувьд дуучид, тамирчид сонгуульд нэр дэвших нь содон, бас “илүүц” санагддаг. Эмч, багш, инженер, хуульч, сэтгүүлч гээд бусад мэргэжлийнхнийг болохоор нүд үзүүрлэхгүй. Гэхдээ тэр “илүүц” хүмүүс сонгогчдын нүдэнд содон тусдаг тул улс төрийн туршлагыг нь биш гэхэд дууных нь, алдрынх нь гавьяаг үнэлээд сонгож орхих явдал бий. Тэр сонголт нь мэргэн болж, өнөөх тамирчин нь гайгүй сайн улстөрч болсон туршлагыг манай УИХ-аас харж болно. Орон нутгийн сонгуулийг “чимж” нэр дэвшсэн тэр содон хүмүүс болон уг сонгууль тойрсон сонин хачнаас хүргэж байна.
ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛС ТӨРД ДУРЛАВ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн эхнэр, хүү, охин, туслах, хамаатан, найз гэх мэт 14 хүн Баянгол дүүрэгт нэр дэвшсэн тухай МАН-ынхан “атаархан” ярьж байна. Сонгох, сонгогдох нь хүний эрх тул яалтай ч билээ. Лав миний амьдардаг 20 дугаар хороонд сайдын эхнэр Н.Нинжбадгар танилцуулгаа тараасан байна лээ. Түүний хүү Ганболор II хороонд дэвшиж буй бол охин С.Одгэрэл жагсаалтын нэгд бичигджээ. Мөн сайдын хамаатны хүүхэд ч "давхиж" байгаа аж.
УРЛАГ СОЁЛ, СПОРТЫНХОН
Урлаг соёлынхноор нэр дэвшигчдийн жагсаалтаа чимэх, нэгэнт олон нийтэд танигдсан нэр хүндээр нь суудал “солих” тактикийг энэ удаа МАН голдуу хэрэглэжээ. Тэдний нэр дэвшигч дунд дуучин, тамирчин цөөнгүй байна. АН-д харин ийм хүн ховор аж. Урлагт хүчээр хамаатуулъя гэвэл Хөвсгөл аймагт поп хатагтай Б.Сарантуяагийн охины эцэг Н.Отгон-Очир АН-аас өрсөлдөж байна. Тэрбээр Хөвсгөлийн “50, 100” нэртэй зочид буудлын эзэн юм билээ. МАН: -“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа (Баянзүрх дүүргийн ИТХ-д) -Гавьяат тамирчин, сагсан бөмбөгч Ц.Шаравжамц (Баянгол дүүргийн 18 дугаар хороонд) -Олимпийн хүрэл медальт, гавъяат тамирчин Н.Баярсайхан (Сүхбаатар дүүрэгт) -Гавьяат нисгэгч Р.Батнасан ( Хан-Уул дүүрэгт) -Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав ( Хан-Уул дүүрэгт) МАХН: -Л.Санждорж лам (Сонгинохайрхан дүүрэгт) -“Take off” хамтлагийн дуучин Д.Баясгалан (Сүхбаатар дүүрэгт) - Гавьяат эмч Л.Жамбалжав (Хан-Уул дүүрэгт)
СЭТГҮҮЛЧИД
Энэ удаагийн сонгуульд сэтгүүлчид цөөнгүй нэр дэвшсэн. “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн зөвлөх Ж.Гангаа Чингэлтэй дүүрэгт жагсаалтаар, тус сонины Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун Сүхбаатар, “Нийслэл таймс” сонины эрхлэгч Б.Долзодмаа Чингэлтэй, “25 дугаар суваг” телевизийн сэтүүлч Г.Ганзориг болон NBS телевизийн захирал Ч.Наранбаатар нар Баянгол, UBS телевизийн тоймч И.Буянжаргал Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн байна. Мөн Архангай аймагт сэтгүүлч А.Энхсайхан нэрээ сойжээ. Тэд голдуу АН, МАН-ын төлөөлөл аж. НАС, ХҮЙС. CЕХ-нд нийт нэр дэвшигчийн тоо л гарснаас биш илүү нарийвчилсан, нэгдсэн мэдээлэл байхгүй аж. Тиймээс нам намаас нь тодруулав. МАН-ын хувьд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай нэр дэвшигчдийнхээ хамгийн ахмад буюу 74 настай. Тус намын нийт нэр дэвшигчийн 25 хувь нь эмэгтэй аж. Мөн нэр дэвшигчдийн 52 хувь нь 40 хүртэлх, 29 хувь нь 41-52, 19 хувийг түүнээс дээш насныхан эзэлжээ. АН-ын хувьд аймаг, сумдад нийт 5300 орчим хүн нэр дэвшсэний 28 хувь нь бүсгүйчүүд юм. Мөн нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь 35-аас доош, үлдсэн нь 35-аас дээш насныхан аж.