УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат орон нутаг дахь томилолт өчигдөр Орхон аймагт үргэлжиллээ. Тэрбээр аймгийн удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсчээ. Хөрөнгө оруулалт оновчгүй, үр дүнгүй байдал тэнд ч байгаа аж. Ирэх оны хөрөнгө оруулалт дээр давхардсан зарим зүйл байгааг Д.Эрдэнэбат гишүүн шүүмжлээд “Ирэх оны төсвөөс эхлэн хөрөнгө оруулалтыг хөшөө дурсгал, барилга байшин барихад биш, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй” хэмээн сануулжээ. Орхон аймгийн удирдлагууд Тендерийн хуулийг өөрчилж өгөөч гэсэн хүсэлт тавьсан байна. Орон нутагт барих ажлын тендерийг яаман дээр зарлахаар томоохон компаниуп оролцож, ялаад түүнийгээ туслан гүйцэтгэгч жижиг компаниудад шилжүүлдгээс асуудал үүсдэг гэнэ. Тухайлбал, тус аймгийн төвийн халуун, хүйтэн усны шугамыг шинэчлэх тендерт “Хүрд” компани ялсан аж. Гэвч тэд ажлыг ямар ч стандартгүй, мэргэжлийн бус байдлаар хийж байгаа учраас аймгийн удирдлагууд гэрээг цуцалж, компанийг шүүхэд өгчээ. Тэд үүнийг залилан гэж үзэж байгаа гэнэ. “Хүрд” компани өөрийн нэр, ажлын туршлага, тоног төхөөрөмж гэх мэт бүх үзүүлэлтээрээ тендерт ялчихаад эрхээ зарснаас болж иймэрхүү хүнд асуудал үүсчээ. Хуулийг нэмэлт, өөрчлөлтөд санаа тавина гэдгээ АНын бүлгийн дарга тэдэнд хэлсэн байна.