МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ НАР ТАНАА
“Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн ардынхаа цэцэн үгэнд Монголын ард түмэн итгэдэг. Тэгээд ч одоог хүртэл төр барьж ирсэн улс төрийн бүх хүчин хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, чанартай байлгахыг нийгмийн бодлогынхоо тэргүүн эгнээнд тавьж ирсэн билээ. Харамсалтай нь энэ Засгийн газар Хууль зүйн зөрүүд сайдынхаа балгаар эмч, эмнэлгийн ажилчид, ард түмний санаа бодлыг сонсдоггүй, эмнэлгийн барилгыг конторын барилга болгосон түүхтэйгээр ард түмний хар дансанд орох гээд байна.
Эмнэлгийн барилга гэдэг зүгээр л нэг конторын барилга биш ээ. Энэ бол эмнэлгийн үйлчилгээ явуулахад зориулж, тусгай стандартаар барьдаг, илүү их үнэ өртөгтэй барилга. Тэгээд ч шүүгчдийн контор болгох гээд байгаа хүний гавъяат эмч, академич, доктор, профессор В.Ичинхорлоогийн нэрэмжит Төрийн тусгай албаныхны нэгдсэн эмнэлгийн шинэ барилгад манай эрүүл мэндийн системд одоо байхгүй өртөг өндөртэй, чадвар сайнтай, шинэ багажуудыг суурилуулаад эхэлчихсэн байхад конторын барилга мундсан юм шиг өөр зориулалтаар ашиглана гэдэг ёстой нүдээ олоогүй хэрэг болно.
Төрийн тусгай албаныхнаас гадна Чингэлтэй дүүргийн оршин суугчдад болон хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд үйлчилдэг эмнэлгийн энэ барилгыг шүүх, прокурорынхны албан тасалгаа болгохыг “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё” хөдөлгөөнөөс эсэргүүцэж байгааг бид тууштай дэмжиж байна. Хүн амаа эрүүл мэндийн тусламж бэдэрч гадагш явахыг багасгана гэж чармайж буй эрүүл мэндийн сайд, доктор Н.Удвал, нийслэлийнхээ иргэдийн тохь тухыг бодож олон шинэ зүйл сэдэж, гүйцэлдүүлэхээр хөөцөлдөж яваа, манай нэртэй эмч, ардын уран зохиолч С.Эрдэнийн хүү, нийслэлийн засаг дарга Бат-үүл нар ч нийслэлийнхэндээ үйлчлэх нэг шинэ эмнэлгийг авч үлдэхийг дэмжиж, шүүгч, прокурор нарыг оруулчих конторын барилга олж өгөхөд туслах байх гэж найдаж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Таныг ард түмнийхээ хүсэлт, эмч бидний учирлалыг ойлгож, саяхан гаргасан Засгийн газрын шийдвэрээ эргэн харж, тоноглоод эхэлчихсэн шинэ байрыг эмнэлэгт нь үлдээгээд, шүүх прокурорынхонд өөр орон байр олж өгсөн ухаалаг шийдвэр гаргаж чадна гэдэгт бид итгэж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн:
Н.Баасанжав -Монгол Улсын ардын эмч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич, доктор, профессор, Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монголын анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч
Ж.Хайрулла -Монгол Улсын ардын эмч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич, доктор, профессор
Ч.Цэрэннадмид -Монгол Улсын ардын эмч, академич, доктор, профессор
Ж.Баасанхүү -Монгол Улсын ардын эмч, доктор, профессор
Н.Даваацэрэн -Монгол Улсын хүний гавъяат эмч, төрийн шагналт, доктор, профессор
Д.Нямхүү -Монгол Улсын хүний гавъяат эмч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Ч.Пунцаг -Монгол Улсын хүний гавъяат эмч, академич, доктор, профессор,
Л.Лхагва -Монгол Улсын хүний гавъяат эмч, төрийн шагналт, академич, доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч
Г.Дашзэвэг -Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, доктор, профессор
Г.Жамба -Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор
П.Нямдаваа -Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, академич, доктор, профессор, Монголын Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч
Х.Даваахүү -Монгол Улсын хүний гавъяат эмч, Ховд аймгийн мэс заслын зөвлөх эмч
Г.Түмэннасан -Монгол Улсын хүний гавъяат эмч, Төв аймгийн мэс заслын зөвлөх эмч
2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот
mnnews.mn