ОХУ-ын “Ростехнологи” корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов өнгөрсөн мягмар гаригт Улаанбаатарт ирсэн нь сүүлийн хэдэн сар ярьж буй “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг солих асуудалд цэг тавих нь гэж дээр доргүй таамагласан нь лавтай. Хоёр улсын хамтарсан Уулын баяжуулах үйлдвэрийн зөвлөл хоёр өдөр хуралдаж, үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгчээ. Тус үйлдвэрийн нөөц багасаж буй ч технологийн шинэчлэлт хийснээр ашиг орлого нь нэмэгдэж байгааг Зөвлөлийн гишүүд сайшаасан байна. Энэ ололтыг тус үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой холбон үзсэн аж. Тиймээс удирдлагын багт зарим өөрчлөлт хийсэн ч хүмүүсийн хүлээж байсанчлан ерөнхий захирлыг нь сольсонгүй.
Засаг солигдох бүрт тус үйлдвэрийн ерөнхий захирлаар эрх баригчид өөрийн хүнээ томилдог уламжлал тогтоод байсан. Бичигдээгүй энэ хууль зөрчигдсөн нь улс төрийн хүрээнийхний дунд багагүй таавар үлдээв. Үүнийг янз бүрээр тайлбарлаж байна. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, сайд асан Ч.Ганзориг технологийн шинэчлэлийг гардан гүйцэтгэж, тус үйлдвэр ихээхэн ашигтай ажилласан нь түүнийг энэ суудалд үлдээх гол үндэслэл болсон гэж олонх үзэж байсан. Гэтэл өөрөөр, тухайлбал улс төрийн өнцгөөс харах хүмүүс таарав. Ч.Ганзориг МАН-ын гиш үүн, түүнийг эрх баригчид бараг хамгийн түрүүнд өөрчлөх магадлалтай. Гэтэл олон хүний шүлсийг асгаруулсан суудалд тэр нэг хэсэг суух нь тодорхой болов. Үүнийг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байлаа. Энэ асуудал аль эрт, УИХ-ын сонгуулийн дараа шийдэгдсэн байсан гэж барим тавим ярих нэгэн ч таарав.
“Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн уржигдар болсон хурлаар тус үйлдвэрийн ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.БатЭнхийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Намхайнямбууг томилжээ. Намхайнямбуу нь тус үйлдвэрийнхний хувьд шинэ хүн. Тэрбээр Завхан аймгийн харьяат, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх, “Улаанбаатар” банкны гүйцэтгэх захирал, “Сүнжин гранд” зочид буудлын Монгол талын захирлаар ажиллаж байжээ. Түүнчлэн ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Даваасамбууг томилжээ. Д.Даваасамбуу нь Д.Дорлигжавыг тус үйлдвэрийн ерөнхий захирал байхад Худалдаа, эдийн засаг эрхэлсэн орлогчоор нь ажиллаж байсан юм. Энэ албыг З.Ганбаатар хашиж байв.
Д.ДАГВА