Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 24.00 цагт дуусгавар болно. Сонгууль хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруутай зэрэгцэж буй ч улс төрийн намууд сонгогчдоо “дулаацтал” сурталчилгаа хийцгээв. Угтаа бол иргэд орон нутгаа удирдах сайн менежерт санал өгөх ёстой сонгуулийн утга алдагдаж, сурталчилгаа эхнээсээ дуустал сонгогчдыг учраа ололгүй улстөржихөөс өөр гарцгүй болгож орхив.
Сурталчилгааны явцад жилээс жилд жижгэрсэн нүүрсний шуудайны хэмжээ томорч, үнэ нь навс буулаа. Нүүрсний үнийг хямдруулснаа мэдэгдсэн Засгийн газрын тэргүүний шуудайтай нүүрс тэвэрч буй дүр зураг телевизээр гарч байх. Түлш хямдарсан мэдээ хахир өвлөөс зүрхшээдэг гэр хорооллынхныг баярлуулсан ч өнөөх хямд барааны олдоц тун ховор байгаа юм.
Хямд нүүрсний сургаар Засаг даргын байраа өдөрт хэд эргэх сонгогчдод хорооныхон нь “Нүүрсийг АН-ынхан мэдэж байгаа” гэж хариулаад буцааж байна. Энэ мэдээ өрсөлдөгч намуудад сөрөг довтолгоо хийх боломж бүрдүүлж буй аж. Худал үнэний хооронд дөрвөн хуруу зай байдаг гэдэгчлэн эрэлд гарсан сонгогчид хямдарсан нүүрс олно гэдэгт эхнээсээ итгэл алдарч эхэлжээ. Энэ мэтчилэн АН сонгуулийн сурталчилгаа, шоуг далайлт ихтэй хийж байгаа. “Бүр олуулаа ялъя” уриатай самбар нийслэлээр дүүрч, нэр дэвшигчдийнх нь уулзалтын урилга орц хонгилоор хог болтол хөглөрч байна. Сонин хэвлэлээр “Иргэдийн мөрөөдлийг няцлагчид МАН-аас л төрдөг”, “Хулгайч нарын авч явсан эх орон иймэрхүү байдаг” гэсэн өрсөлдөгчөө ялласан нийтлэлүүд хөвөрч, үүнтэй ижил утгатай мэдээллүүд телевизийн сувгуудаар цацагдаж байна.
АН-ынхан Засгийн эрх барьж эхлүүтээ Орон нутгийн сонгуулийн хуулийг зөвхөн өөрсдөдөө зориулж өөрчлөн баталсан. Улсын циркэд хүмүүс цуглуулж байгаад Э.Бат-Үүл дарга 2040 онд Олимпийн наадмыг Улаанбаатарт зохион байгуулах мөрөөдлөө дэлгэв. Гэх мэт сонгуулийн эрдүү бярдуу сурталчилгаа, шоуны давс, хужир хэрээсээ хэтэрчих шиг болов. Ялалтандаа бардаж, сурталчилгааныхаа хужрыг ихдүүлсэн нам чангахан ойчдог тун ойрын жишээ бий. Сонгуулийн чимээтэй зэрэгцэж ирсэн өвөл Хотын засаглалыг атгаж буй Ардчилсан Намыг тун удахгүй шалгах гэж байна. Энэ жил олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ гээд байгаа. Чангахан өвөл болох төлөвтэй гэж эртнээс ярьцгааж эхэлсэн. Урт намрыг залгасан өвөл амар биш гэдгээ ч эхнээсээ харуулаад байгаа.
Нийт хүн амын талаас илүү нь чигжин суурьшсан хот гэдэг их айлын талаар Хотын дарга оршин суугчийн хэмжээний мэдлэгтэй. Нийслэлийг гал алдуулахгүй байх үүрэгтэй дулааны станцуудын бэлэн байдал тийм ч сайнгүй байна. Энд тэнд дулаан алдагдаж, ойр ойрхон тог цахилгаан тасрах боллоо. Хүнд цаг ирэхэд гэрэл цахилгаан, газар шороо, барилга байгууламжийн талаар мэргэшиж, хотын ачааг нуруундаа үүрч явсан олигтой мэргэжилтэнгүй Э.Бат-Үүл дарга сандрах вий. Хот гэлтгүй хөдөөд ч байдал хүнд болж эхэлсэн мэдээ байна. Зарим аймагт 49 см хүртэл зузаан цас орсон нь сэрэмжлүүлэг дохиолж буй. Сонгогчдоо сурталчилгаагаар бүлээцүүлсэн эрх баригч намыг энэ өвөл дөмөгхөн шалгах болов уу. Сонгууль болдгоороо болно. АН, МАН-ын нэг нь ялах нь тодорхой. Гэхдээ сонгуулиас өөр, улс орны амьдралын амин чухал асуудал өдий төдий бий гэдгийг АН-ыхан мэдэж л байдаг байгаа даа.
Д.ОТГОНЖАРГАЛ