УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт өрсөлдсөн АН-ын нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын гишүүд эсэргүүцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдийг хоёр өдөр буйдангаар дарж өнжсөн.
УИХ-ын Тамгын газраас тэднийг Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн учир “Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийсэн иргэнийг 20000-50000 төгрөг, албан тушаалтныг 20000-60000 төгрөг, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авах ёстой гэж үзсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тэднийг 60000 төгрөгөөр торгосон. Жаран мянган төгрөг УИХ-ын гишүүдэд бага мөнгө хэдий ч Монгол Улсад хууль хэрэгжиж байгааг харуулсан” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэв. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулсан юм.
-“Буйдантай суулт” хийсэн гишүүдэд УИХ-ын дарга хариуцлага тооцсон гэж мэдэгдсэн байна. Та ажил үүргийнхээ дагуу энэ шийдвэрийг гаргаа юу?
-Төрийн ордны тухай хууль бий. Энэ хуульд заасны дагуу арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтан энэ шийдвэрийг гаргана. Төрийн тусгай хамгаалалтын газар, Төрийн ордны хамгаалалтын алба мэдэх байх.
-Гишүүдэд хариуцлага тооцох тухай шийдвэр гарсныг Та мэдээгүй юм уу?
-Намайг ажлаа авснаас хойш ийм шийдвэр гараагүй, шийтгэвэрийг би хараагүй. Миний өмнө ажиллаж байсан Шаравдорж даргын үед авсан арга хэмжээ юм болов уу. Торгууль тавьсан албан тушаалтан, тавиулсан гишүүдтэй уулзах хэрэгтэй байх. УИХ-ын Тамгын газрын ЕНБДаас энэ тодруулгыг авсны дараа “буйдантай суулт” зарласан УИХ дахь МАН-ын гишүүдийн заримаас асуудлыг тодруулсан бөгөөд Тэд “Бид энэ талаар мэдээгүй. Албан ёсны мэдэгдэл, шийдвэр ирээгүй” хэмээн хариулав.
Д.ОРГИЛ