Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 11 дүгээр хэсгийн хорооны санал авах байр “Их Засаг” их сургуулийн танхимд байв. Тус санал авах байрт хурууны хээ унших хоёр төхөөрөмж байрлуулжээ. Тэнд 11.00 цагийн орчимд саналаа өгөхөөр очсон эмэгтэйн хурууны хээг унших төхөөрөмж нь таньсангүй. Долоовор хуруугаа өнөөх төхөөрөмжид дахин уншуулсан ч өөр хүний мэдээлэл гарч ирсэн нь бүртгэлийн ажилтныг багагүй сандаргав.
Хурууны хээг уншуулахад тухайн сонгогчийн иргэний үнэмлэх дээрх зураг, хувийн мэдээлэлтэйгээ компьютерийн дэлгэцэнд гарч ирэх учиртай. Ингээд зохион байгуулагчийн зөвлөснөөр тэр эмэгтэй дараагийн төхөөрөмжид хурууны хээгээ уншуултал өөрийнх нь мэдээлэл гарч ирэв. Чухам юунаас болж ийм алдаа гарсныг бүртгэлийн ажилтнаас тодруулахад “Хүний хурууны хээ маш ховор тохиолдолд давхацдаг юм билээ. Тийм тохиолдол болох шиг боллоо” гэж тайлбарлажээ.