Ирээдүйд од болон гялалзана хэмээгдэж, хар зах дээр өндөр үнэ хүрч буй залуу хөлбөмбөгчдийг танилцуулья. Энэхүү жагсаалтад 21 болон түүнээс доош настай залуус багтсан юм.
11.ДАВИД АЛАБА (“БАВАРИ”, АВСТРИ) Австрийн универсаль тоглогч Ван Гаалийн үед Мюнхений багт дебютээ хийж байсан бол өдгөө зүүн хамгаалалтын дархлагдсан хүн болжээ. Transfermarkt түүний зах зээлийн үнийг 16 сая еврогоор тогтоосон байна.
10.КРИСТИАН ЭРИКСЕН (“АЯКС”, ДАНИ) Хоёр дахь Лаудруп хэмээгдэж буй Эриксен өнгөрсөн жил 20 настайдаа Данийн оны шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн юм. Үнэ нь 16 сая.
9.СТЕФАН ЭЛЬ-ШААРАВИ (“МИЛАН”, ИТАЛИ) Египет гаралтай энэ залуу өнгөрсөн улиралд цөөнгүй тоглолтод оролцсон боловч дөрөвхөн гоол дансандаа бүртгүүлсэн. Харин шинэ улиралд тэрбээр уналтад ороод буй “Милан”- ыг ганцаараа чирч яваа. Тиймдээ ч үнэ нь 16 сая болон өсчээ.
8.КИРЬЯКОС ПАПАДОПУЛОС (“ШАЛЬКЕ”, ГРЕК) “Евро-2012”-ын нээлтүүдийн нэг энэ залуу төвийн хамгаалагч хэрнээ цөөнгүй гоол оруулдаг. Өдгөө “Шальке”-гийн хамгаалалтын ноён нуруу болоод байна. Немцүүд залуу хамгаалагчаа 18 саяар үнэлж буй.
7.ЭРИК ЛАМЕЛА (“РОМА”, АРГЕНТИН) Италийн нийслэлийн баг ноднин түүнийг “Ривер”-ээс 12 сая еврогоор авч байв. Тэгвэл одоо залуу хагас хамгаалагчийн үнэ дор хаяж 18 сая болон өсчээ. Ламела “Сери А”-гийн шинэ улиралд найман бөмбөг оруулж, мэргэн буучдын жагсаалтын дэд байрт бичигдэж буй нь үүнтэй холбоотой. Энэ эрчээрээ бол түүний үнэ жил ирэх тусам өсөх биз ээ.
6.ФИЛ ЖОНС (“МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД”, АНГЛИ) Төв, баруун жигүүрийн хамгаалалт, арын хагас хамгаалагч гээд олон байрлалд тоглодог, гоолын одтой түүний ханш Ламелагийн адил 18 сая. Гэмтэл, бэртлээс хол байвал бүр өндөр үнэд хүрэх боломжтой.
5.ИКЕР МУНИАИН (“АТЛЕТИК”, ИСПАНИ) “Атлетик”-чууд өнгөрсөн улиралд Европа лиг болон Испанийн цомын тэмцээнд аман хүзүүдсэнээр тоглогчдынх нь ханш суга өссөн. Үүний үр дүнд төвийн хагас хамгаалагч Хави Мартинесийг “Бавари”-д 40 саяар арилжиж дөнгөсөн. Тэгвэл түүний араас замнах магадлалтай хүнээр “Испани Месси” хэмээх Муниаин нэрлэгдэж байна. Түүний үнэ дор хаяж 20 сая евро хүрэх бололтой.
4.ЖЕК УИЛШИР (“АРСЕНАЛ”, АНГЛИ) Английн шигшээ болон “Арсенал”- ын ирээдүй гэгдэж буй Жек дахин хүнд гэмтэл авахгүй бол 22 сая евро өлхөн хүрнэ.
3.МАРИО ГЁТЦЕ (“БОРУССИ ДОРТМУНД”, ГЕРМАН) 20-хон насандаа Бундеслигийн аваргаар хоёр удаа тодорсон тэрбээр өнгөрсөн зуны турш “МЮ” тэргүүтэй томчуудыг араасаа гүйлгэсэн. Гэвч тэр Дортмундын багт үлдэхээр шийдсэн юм. Хэрвээ явахаар бол хамгийн багадаа 30 сая хүрэх болно.
2.ЛУКАС МОУРА (“САН-ПАУЛУ”, БРАЗИЛ) Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр 2012 онд 52 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулж, төдий тооны дамжуулалт өгсөн үзүүлэлттэй. Өнгөрсөн зун түүнийг “МЮ”, “Интер” багууд авахаар идэвхийлэн хөөцөлдсөн ч баян “ПСЖ” урьтаж дөнгөсөн юм. Лукас ингэхдээ багийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болж, 45 сая еврогоор зарагджээ. Гэрээ ёсоор тэр ирэх нэгдүгээр сард Парисын клубийн төлөө хүчин зүтгэж эхэлнэ.
1.НЕЙМАР (“САНТОС”, БРАЗИЛ) Сүүлийн хэдэн жил энэ залуугийн талаар хангалттай ихийг бичсэн болохоор олныг нуршаад яахав. Өнгөрсөн жил Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан тэрбээр багаа орхихоор бол дор хаяж 50 сая евро хүрэх биз ээ.
Г.БАЯРСАЙХАН