УИХ-ын сонгуулиас ч илүү улстөржиж, өрсөлдөгчөө “нулимах” улиг болсон тактикийг гаргуун хэрэглэсэн орон нутгийн сонгуулийн ирц бүрдсэнгүй. Тоон үзүүлэлтээр ирц хүрсэн харагдах аймагт ирц нь хүрээгүй сум, баг олон байна. Үүнтэй ижил дүүргүүдэд зарим хорооны ирц муу байсан нь ирц хүрээгүй хэсгийн хороодод дахин санал хураалт явуулах нөхцөлийг бүрдүүлж орхив. Санал хураалтад оролцоог үй нийслэлчүүд “Худал, үнэн нь мэдэгдэхг үй хар мэдээллээр тархиа угаадаг үе ард хоцорсныг сануулахаар тойргийн хороо руу зүглээгүй” гэцгээж байна. Ийнхүү шинэчлэл амласан улс төрийн намууд хуучин хүрмээ солихгүй бол ирээдүй нь бүрхэг болж буйг энэ удаагийн Орон нутгийн ИТХ-ын сонгууль харууллаа. СЕХ санал хураалт дууссанаас хойш нэг цагийн дараа ирцийн мэдээлэл өгнө гэсэн боловч өчигдөр өдрийн турш чимээ өгсөнгүй. Сураг тавихад гурван аймгийн дүн ирээгүй гэж байна.
Тэр дор нь автоматаар тоог нь гаргачихдаг электрон машин шөнөжин гараар тоолж дүнгээ гаргаж байсан үеийнхээс удаан ажиллана гэж баймаарг үй. Сонгуульд ашиглахаар АНУ-аас нийлүүлсэн санал тоолох машин саналын хуудас тоолох, тооллогын дүн илгээх хоёрхон үйлдэлтэй. Цахилгаан тасрахад нөөц тэжээлээр 16 цаг ажиллах чадвартай, алдаа гарвал дохио өгч, залруулах боломжийг зааварчилдаг “супер” машины ид шидийг тойргийн хорооны ажилтнууд бүрэн мэдээгүй байхад сонгогчид үзнэ гэдэг үлгэр аж. Сонгуулийн өмнө “Бид асуудлаа мэдэж байгаа” хэмээн “пээдийсэн” СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ирцийн талаар албан ёсны мэдээлэл ч өгч чадахгүй, хөшигний цаана бүлтэлцэж сууна. Улсын хэмжээний 2370 хэсгийн хорооны хэдийнх нь ирц хүрсэн, хэдийнх нь дутсан тухай нэгдсэн дүн гаргахаас өмнө улс төрийн намууд болон тэднийг дэмжигчид дурын мэдээ өгч, иргэдийн сэтгэл зүйд эргэлзээ, тээнэгэлзэл төрүүлж эхлэв.
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-иас дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол сонгуулийг хүчингүйд тооцож, энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулахаар заасан байгаа. Тэгэхээр ирц хүрээгүй хэсгүүдэд дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаж, СЕХ удахгүй товыг нь тогтоох байх. Гэхдээ санал хураалтын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгон, ажлын өдөр зохион байгуулж, үүрэн утасны хэрэглэгч бүртэй тулж хэрэндээ хичээж ажилласан ч амжилт олоогүй СЕХ-ны санаачилгыг сонгогчид дэмжинэ гэсэн баталгаа алга байгаа юм. Жавар тачигнасан жихүүн өвөл, давс хужир нь хэтэрсэн сонгуульд саналаа өгсөн сонгогчид тойргийн хороо руу зүглэхгүй, санал өгөөгүй нь очлоо гэхэд дахиад ирц хүрэхгүй байх магадлал өндөр. Онцлоход, дахин санал хураалтын ирцийг оролцсон сонгогчдын ирсэн хувиар хүчинтэйд тооцно гэсэн бүрхэг заалт Орон нутгийн сонгуулийн хууль дотор “цохиж” яваа.
Өөрөөр хэлбэл, дахин санал хураалт явуулахад ирц 30 хувьд хүрч буурсан ч санал хураалт хүчинтэй байж болох ойлгомжгүй заалт “хэрүүлийн” алим болж хувирах магадлалтай юм. Энэ заалтыг аль нэг Сонгуулийн хороо жаахан мушгиад “Дахин санал явуулах боломж алга, ирцийг 30 хувиар хүчинтэйд тооцлоо” гээд шийдчихвэл 45-49 хувийн ирцтэй санал хураалтыг хүчингүйд тооцуулсан нэр дэвшигч, улс төрийн нам хоёр барьцалдаад эхлэхийг үгүйсгэх аргагүй. Энэ мэтчилэн уламжлалт хугацаанаас хоцорч, жавар тачигнасан хүйтэн өвөлтэй зэрэгцсэн сонгуулийн сөрөг үр дүнг СЕХ хариуцах бололтой. Сонгууль болохоор монголчууд баахан будлиан ярьдаг. Одоо болтол дүнгээ танилцуулахг үй байгаа нь Орон нутгийн сонгуулийг будлиан дагасан маргаанаар хачирлаж мэдэхээр байна. Сонгуулийн хороод нэгдсэн дүн, ирцийн мэдээллээ өгөөгүй байгаа нь маргааны шалтгаан болж мэднэ. Уг нь УИХ-д Сонгуулийн хуулийг өнгөрсөн хавар батлан Орон нутгийн сонгуулийг цаг хугацаанд нь явуулах боломж байсан. Парламентад олонхи болсон АН-д ийм сэтгэл байгаагүй бөгөөд хуулийг зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар батлах гэж хав дарсаар санасандаа хүрсэн билээ. Энэ хуулиар сонгуулийн нэгдсэн дүнг аймаг, дүүргийн Сонгуулийн хороо зарлах эрхтэй. Мөн дүнгээ тав хоногийн дотор гаргаж, тус тусын аймаг, сум дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой. Сонгуулийн дүнг зарлах эрхийг аймаг, дүүрэгт ажиллаж буй Сонгуулийн 30 хороонд хуваан, тарааж СЕХ-г “гал”-аас холдуулсан бөгөөд иргэд дүн гартал тав хоног хүлээхээр болоод байна.
Д.ОТГОНЖАРГАЛ