Автомашиныг төгсгөлийн дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Гэвч ижил дугаартай автомашинтай албан байгууллага, гэр бүлийн гишүүдийн хувьд хүндрэл гарч, дугаараа солиулахаас аргагүйд хүрээд буй юм. Тиймээс иргэдээс ирж буй гомдлыг харгалзан улсын дугаараа нэг удаа солих боломжийг бүрдүүлжээ. Дугаараа солиулахад ямар бичиг баримт бүрдүүлэх талаар ЗТЯны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрынхнаас тодруулав.
-Гэр бүлийн гишүүд иргэний үнэмлэх, автомашины гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбараа авчирна. Мөн дугаар шинээр авах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл бичих шаардлагатай. Харин албан байгууллагууд албан тоот, тухайн автомашины гэрчилгээг авчрах ёстой.
-Дугаараа хаана очиж солиулах вэ. Ямар нэгэн хураамж төлөх үү?
-Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах “Таван ган” ХХК-ийн байранд сольж байгаа. Тэмдэгтийн хураамж 3200, шинэ дугаарын төлбөр 16-20 мянган төгрөг төлнө.
-Ямар хугацаанд дугаарыг нь сольж өгөх вэ. Өмнөх дугаарыг хурааж авах уу?
-Тэгнэ. Цаашид солиулсан хуучин дугаарыг ашиглах боломжгүй. Иргэд бичиг баримтаа бүрдүүлж ирсэн тохиолдолд 10-30 минутын дотор асуудлыг шийднэ.