Аймаг, сум, дүүргийн ИТХын сонгуультай зэрэг зохион байгуулсан УИХ-ын 22 дугаар тойргийн нэг мандат дахь дахин санал хураалтын дүнг өчигдөр СЕХ-ноос УИХ-д өргөн барилаа. Тус тойргийн гурав дахь мандатад нийт сонгогчийн 28 хувийн санал авсан хүн тодроогүй. Тиймээс хамгийн их санал авсан Д.Арвин, Б.Батзориг нарын дунд дахин санал хураасан билээ.
Баянзүрх дүүрэгт сонгуулийн ирц хүрээгүй ч дахин санал хураахад энэ хамаагүй юм байна. 22 дугаар тойргийн хорооны дахин санал хураалтаар Д.Арвин 43.6, Б.Батзориг 40 хувийн санал авчээ. Тойргийн хорооноос ирүүлсэн шийдвэрийг СЕХ хэлэлцээд хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж буй нь энэ юм. Нэр дэвшигчид хоёулаа МАН-ын гишүүн.
Тиймээс МАН-ын хувьд УИХ дахь суудлаа нэгээр нэмж байгаа. АН-ын Г.Батхүү, Д.Зоригт, “Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатар, МАН-ын Д.Сарангэрэл болон Д.Арвин нар энэ долоо хоногт тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулснаар УИХ 75 гишүүнтэй болно.
С.УУЛ