МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үр дүн болон УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзоригтой холбоотой асуудлыг хэлэлцжээ. УИХ энэ долоо хоногт Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулиар ялалт байгуулсан Д.Арвин, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, МАХНын төлөөлөл Ц.Оюунбаатар болон Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргүүлнэ гэж мэдэгдсэн нь тус намын Удирдах зөвлөлийг яаран хуралдахад хүргэсэн аж.
МАНаас нэр дэвшигч С.Чинзориг “Өрсөлдөгчөөсөө 3500-6700 хүний саналаар илүү явсан намайг хүчээр унагаж байгаа нь шударга биш” гэж үзэн өлсгөлөн зарлахаа мэдэгдэн, намын удирдлагууддаа шийдвэрээсээ буцахгүй гэдгээ хэлсэн байна. Хоёр өдрийн өмнө УИХ дахь МАН-ын гиш үүд “Өвөрхангайн тойргийн маргаан шүүхийн шатанд яваа тул Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжгүй” гэж үзсэн юм. Өчигдөр хуралдсан тус намын Удирдах зөвлөл УИХ дахь гишүүдийнхээ байр суурьтай санал нэг байгаа гэнэ.
Тиймээс маргааш болох УИХын нэгдсэн хуралдаанд МАНын УИХ дахь гишүүд дахин эсэргүүцэл үзүүлж, Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолыг тасалдуулж магадгүй сураг байна.