Орон нутгийн сонгуулийн бужигнаан намжиж, аймгийн Засаг даргын марафон олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. 12:9 харьцаагаар Монголын 21 аймгийн дийлэнхэд АН ялалт байгуулж, 12 аймагт Засаг даргаа сонгох боломж бүрдсэн. Энэ нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг бараг тодорхойллоо хэмээн ажиглагчид үзэж байгаа. Үүнийг дагаад Засаг дарга нарын сонголтод АН онцгой ач холбогдол өгч байна.
АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс орон нутаг дахь намын анхан шатны нэгжүүддээ эрх мэдлийг нь давуу байдлаар олгох, ялсан аймгийн намын даргыг Засаг дарга болгох чиглэл баримтлахаа илэрхийлээд байгаа юм байна. Энэ нь Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, НХХ-ийн дэд сайд асан Д.Нямхүү нарын Архангай, Увс аймгийн Засаг дарга болох амбийцад хаалт болж буй бололтой.
Есөн аймаг, хоёр дүүрэгт ялалт байгуулсан МАН-ынхан ч орон нутгийнхны ялалтыг нутгийнханд нь хуваарилах зарчим баримтлах нь уржигдар хуралдсан Удирдах зөвлөлийн шийдвэрээр тодорхой болжээ. Орон нутгийнхны сонголтоор Засаг даргыг сонгох хувилбар яригдсан ч Удирдах зөвлөлийн дэмжлэгийг аваагүй байна.
Сонгуульд нэгэнт ялчихаад дахиад Засаг даргын сонгууль явуулах нь илүүц хэмээн олонх нь үзжээ. Гэхдээ намын дарга нь УИХ-ын гишүүн, дэд сайдын алба хашдаг Хөвсгөл, Төв, Баян-Өлгий, Булган зэрэг аймаг бий. Эдний хувьд намын дэд дарга нар нь Засаг дарга болох магадлалтай ч Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймагт намдаа нэр нөлөө бүхий 2-3 нэр дэвшигч өрсөлдөж буй аж.
Засаг дарга нарын томилгоо процедурын дагуу хэд хэдэн үе шаттайгаар хэлэлцэгдэх учиртай. Аймгийн ИТХ-д олонх болсон Намын бүлэг хурал хуралдаж, Засаг даргад нэр дэвшүүлэх хүнээ товлосны дараа аймгийн ИТХ хэлэлцэж, ИТХ-ын дарга, Засаг даргыг сонгох шийдвэр гаргана. Түүнийг нь Ерөнхий сайд батламжилна. Тиймээс Засаг дарга нарын томилгоо удаашрах магадлалтай. Өчигдрийн байдлаар Дорнод, Ховд, Хөвсгөл, Дорноговь, Архангай зэрэг аймгийн намын хороод хуралджээ. Өнөөдрөөс ИТХ-ын анхны хуралдаанаа хийх товтой байна. Өмнөговь аймгийн хувьд хамгийн түрүүнд буюу энэ сарын 27-нд ИТХ-ын анхны хуралдаанаа хийж Б.Бадрааг аймгийн Засаг даргаар улируулан сонгох шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөн барьсныг батламжилжээ.
Төсвийн шинэ хуульд заасанчлан арванхоёрдугаар сарын 5-ны өдөрт багтан орон нутгийн төсөв батлагдах учиртай. Мөн Булган, Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн зарим нутгаар цас орж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Гэтэл орон нутгаас ирүүлж байгаа мэдээллээр олонх аймаг ИТХ-ын анхны хуралдаанаа арваннэгдүгээр сарын 28-30-нд хийхээр товлосон нь Засаг даргын томилгоонд цаг хугацаа алдаж байна гэсэн үг юм.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ