Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүй хэсгийн хороодод энэ сарын 30-нд дахин санал хураахаар болсон. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, тогтоол гаргалаа. Сонгууль баасан гариг буюу ажлын өдөр болох тул дахин санал хураалт явуулах хэсэгт оршин суугчдыг 30-ны өдрийн 14.00 цаг хүртэл албан ажлаас нь чөлөө олгохыг төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, ажил олгогчдод даалгах тухай уг тогтоолд заажээ.
Ингэснээр иргэд ажлын цаг бүртгүүлэлгүй саналаа өгч, дахин санал хураалтад идэвхтэй оролцох боломж бүрдэх юм. Саналыг 07.00-22.00 цагт явуулах аж. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан мэдээллээр орон нутгийн нийт сонгогчийн 58.71, нийслэл, дүүргүүдийн нийт сонгогчийн 45.63 хувь нь сонгуульд оролцжээ. Дахин санал хураалтыг Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 149 хэсэгт явуулна.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу ирц харгалзахгүйгээр дахин санал хураалтаас хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм байна.
Р.Оюун