Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын Ажлын хэсгийн уулзалт 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо болж, монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, айлын талаас БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сун Яомин нар тус тус тэргүүлэн оролцов.
Уулзалтаар ЗГХК-ын XII хуралдааны протокол бүхэлдээ амжилттай хэрэгжиж байна гэж талууд үзэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов. Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарын хамтын ажиллагааны явцад үүсч буй асуудлуудыг шийдвэрлэх, зарим гэрээ, хэлэлцээрийг эцэслэн байгуулах чиглэлээр ажиллахаар талууд тохиролцов. Түүнчлэн Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны дэд комиссын хурлыг ойрын хугацаанд хуралдуулах, Зам, тээврийн хамтын ажиллагааны дэд комисс шинээр байгуулахаар тохиролцжээ.
САЙД Л.БОЛД ИРГЭДТЭЙ ШУУРХАЙ УТСААР ХОЛБОГДОВ
Гадаад харилцааны сайд Л.Болд ГХЯ-наас ажиллуулж буй 6226-2222 дугаарын шуурхай утсаар болон ГХЯ-ны Facebook, Twitter-ээр 11 дүгээр сарын 28-ны 08.00-09.30 цагийн хооронд дотоод, гадаадад байгаа иргэдтэйгээ шууд холбогдож, тэдний тавьсан санал хүсэлт, асуултад өөрийн биеэр хариулт өгөв. Шуурхай утсаар нийт 20 гаруй иргэд холбогдсоноос гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд цөөнгүй байлаа.
ГХЯ-наас шуурхай утас ийнхүү ажиллуулж эхэлсэнд иргэд талархал илэрхийлж, гол төлөв бусад оронд зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх, хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дипломат албаны боловсон хүчнийг бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж байв. Гадаад харилцааны сайд хэлэхдээ ГХЯ-ны үйл ажиллагааны зорилтуудын нэг болох манай иргэдийн гадаадад зорчих таатай нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарал, хүчин чармайлт гаргаж байгааг онцлов.
Түүнчлэн дипломат албыг авъяас чадвартай, мэргэжлийн боловсон хүчнээр бүрдүүлэх үүднээс ГХЯ-ны боловсон хүчний шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударгаар явуулах зарчмыг баримтлан ажиллаж байгааг тэрээр тэмдэглэв. Мөн хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулж буй монголчуудын холбоо, нийгэмлэгүүдтэй нягт хамтран ажиллаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Л.Болд “ГХЯ-наас ажиллуулж буй шуурхай утас нь зөвхөн санал хүсэлт авах хэлбэр төдий утас бус, харин иргэдтэй холбогдож санал хүсэлтийг нь хэрэгжүүлж, шийдвэрлэдэг амьд холбоо байх юм” хэмээн онцолж, иргэдийн тавьсан судлах, тодруулах шаардлагатай хүсэлтийн дагуу холбогдох арга хэмжээ авч, хариу өгөхийг чиглэлийн газруудын удирдлагад үүрэг өглөө. Цаашид гадаад, дотоодын иргэд, байгууллагууд ГХЯ-ны энэхүү шуурхай дугаараар тус яамны удирдах албан тушаалтнуудтай тогтмол холбогдож, санал хүсэлт тавьж, сонирхсон асуултанд хариу авах боломжтой юм.
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ
ДЭМБ-аас Монгол Улсад суух шинэ суурин төлөөлөгч Нюнт-Ю Сой 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болдод Итгэмжлэх захидлаа өргөн барилаа. Ноён Нюнт-Ю Сой нь Мьянмар Улсын иргэн бөгөөд манай улсад томилогдохоосоо өмнө Манила хотноо ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт бодлогын эрдэм шинжилгээний ажилтан, Эрүүл мэндийн хөгжлийн хэлтсийн захирал, улмаар Филиппин дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагтай юм.
Итгэмжлэх захидлаа барих ёслолын дараа Гадаад харилцааны сайд Л.Болд ноён Нюнт-Ю Сой-тай Монгол, ДЭМБ-ын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцов. Ноён Нюнт-Ю Сой Монгол Улсад томилогдон ирж ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийлж, цаашид Монгол улсын Засгийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг бүх түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сайд Л.Болд ДЭМБ-аас Монгол Улсад хэрэгжиж буй “Шинэ болон сэргэж буй өвчний тандалт ба хариу арга хэмжээ”, “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх”, “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Тархи болон зүрхний цус харвалтын эсрэг төсөл”, “ДОХ/БЗХӨ/Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх” зэрэг амжилттай хэрэгжиж буй төслүүдийн талаар дурьдаж, ДЭМБ-ын шинэ суурин төлөөлөгчийн цаашдын ажилд өндөр амжилт хүслээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.