УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Засгийн газар байгуулагдаад өнөөдөр 100 дахь хоногтойгоо золгож байна. Зуу хоног гэдэг бол таньж мэдэхгүй нэгнийг таашаах, үл таашаах боломж, алба тушаал эрхлэгчдийн хувьд бол ажилд нь оноо, дүгнэлт өгч болох хугацаа мөн. “Шинэчлэлийн” гэсэн тодотголтой Засгийн газрын хувьд тун завгүй, тэр хэрээр амаргүй 100 хоногийг туулав бололтой. Шинэ засаг төрийг төвхнүүлэх, бодлого зорилтоо тодорхойлох, ачаа тэн дааж, жолоо бурантаг хөтлөх хүмүүсээ тодруулах, ажил арга хэмжээгээ эхлүүлэх гээд хамгийн амин чухал үе энэ мөн биз ээ. Чухам тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийт ямар нэг хэмжээгээр үнэлгээ өгч байгаа. “Шинэчлэлийн салхи” үнэхээр сэвэлзэж эхэлснийг анзаараагүй гэвэл алдас болно. Шинийг авчрах салхины аясаар хаа нэгтээ боссон шороон хуй монгол даяарын олсон ололт, хүрсэн амжилтыг хуу “цэвэрлэж” орхих вий гэсэн болгоомжлол байгааг ч нуугаад хэрэггүй. Тиймийн учир өдөр тутмын “Өнөөдөр” сонин өргөн олон уншигчдынхаа санал бодлын илэрхийлэл болгож, Сайшааж дэмжих учир, Сануулж зэмлэх шалтгаанаа нэрлэж байна.
.jpg)
Сайшааж дэмжихийн учир
• Ажилгүй орлогогүй монгол иргэдээ ажилтай орлоготой болгох зорилгоор Хөдөлмөрийн яамыг бие даалган байгуулав.
• Засгийн газар цаг хугацаатай уралдан ажиллана, сайд нарын гадаадад томилолтоор ажиллах цагийг багасгана хэмээн мэдэгдэж, ажлын зургаан өдөртэй ажиллаж байгаа
• Төрийн ордноо түмэн олонд нээлттэй болгов.
• Яам, агентлаг, газруудын удирдлагатай үүрэг хариуцлага тооцох “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” видео хурал, иргэдийн санал бодлыг сонсон, ажил хэрэгтээ тусгах “Шинэчилж шийдье-222” уулзалт, олон нийтийн санал бодлыг сонсох “1111” төв байгуулсан нь иргэдийн оролцоо, хяналттай төрийг төлөвшүүлэх алхам болов.
• “Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” тогтоол гаргасан нь ажлын цагийг хийдүүлж суудаг алба хаагчдад томоохон сануулга боллоо.
• Байгууллагуудын дотоод ажлын өдрийг хүчингүй болгов.
• Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгож эхлэв.
• Ойрын хоёр жилд 5.0 тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргаж, олсон орлогыг нийгмийн халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд биш, эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулна гэж зарлав.
• Буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан нэг тн хүнсний улаан буудайд олгох мөнгөн урамшууллын хэмжээг нэмж, 100 мянган төгрөгөөр тогтоолоо. Энэ оны ургацаас 100 мянган тн буудай экспортод гаргах боломж бүрдэв.
• Инфляцыг хазаарлах зорилгоор шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил, барилгын материал гэсэн гол нэрийн барааны үнийг тогтворжуулах шийдвэр гаргаж, тусгай арга хэмжээ авч эхлэв.
• Хүүхдийн хоолны зардлын дундаж нормативыг нэмэгдүүлж, өдөрт 400 төгрөг байсныг 600 төгрөг болгов. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 550-800 төгрөгөөр, ЕБС, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг хүүхдийн хоолны зардлыг 770 төгрөгөөр нэмэгдүүлэв.
• Ой, тэмдэглэлт өдрийн үеэр байгууллага, аж ахуйн нэгжид хандан ажилтан, албан хаагчдаа шагнуулах хүсэлт тавьж, хандив, бэлэг авдаг байдлыг таслан зогсоов.
• Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн нөөцтэй байсныг 60 хоногийн нөөцтэй болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
• “Өнөөдөр” сонины нийтлэлийн бодлогодоо хоёр жилийн турш дэвшүүлэн тавьсан Ховдын Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах асуудлыг шинэ Засгийн газар ажил хэрэг болгов.
• Ирэх гурван жилийн дотор бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно гэж мэдэгдлээ.
• Нийгмийн халамжийн сангийн зарим тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг 0.5-2.0 дахин нэмэгдүүллээ
• Долоон жил өнгөрсөн ч бүрэн шийдэгдээгүй ужгирсан хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг хохиролгүй болгоно гэж Ерөнхий сайд амлав.
• Багануурын уурхайн орд газарт хувийн компанид хууль бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг цуцалсан нь төрийн өмчийн уурхайн газарт хууль бусаар эзэн суусан этгээдүүдэд томоохон цохилт болов
• Багануураас ирдэг, нийслэлийн зах дээр 200-250 мянган төгрөг байсан “Портер” нүүрсний үнийг 100 мянга, 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсний үнийг 3200 төгрөг болгов. Хэдийгээр хотын утааг багасгахын эсрэг шийдвэр болсон ч амьжиргаанд нь таатай туссан тул иргэд ам сайтай байна.
• Ураныг зөвхөн шар нунтаг хүртэл боловсруулна. Цөмийн эрчим хүчний станц байгуулах асуудлыг 5-8 жил, түүнээс цааш хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэв.
• Аймаг бүрт эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний төв байгуулна гэж амласан нь хөдөөнөөс хотыг, хотоос гадаадыг зорьдог эмчилгээний буруу урсгалыг зогсоох алхам болно гэж иргэд баяртай байна.
Сануулж зэмлэхийн шалтгаан
•Засгийн газрын бүтцийг өмнөхөөс томруулж, 13 байсан сайдыг 19, 11 байсан яамыг 16 болгов.
• УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших нь буруу гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, өөрсдөө оролцож боловсруулсан хуулийн төслөө умартаж, хоёроос бусад сайдыг УИХ-ын гишүүдээр томилов.
•Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийг зөрчин яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг "золигт гаргав". Оронд нь бялууны хэрчим хүртээх хэлбэрээр томилсон төрийн нарийнууд нь төрийн ажлын туршлага, мэдлэг чадвараар гологдож, байгаа.
• Төрийн албыг чанаржуулах нэрээр олон зуун төрийн албан хаагчийг ажлаас нь халж, өөрсдийн эгнээний хүмүүсээр дүүргэж байна. Зарим яам газрын ажиллах хүчний бүрэлдэхүүн 60-70 хувь өөрчлөгдсөн мэдээ бий.
• Хуулиас гадуур "хүсэлт гаргах" "өргөдлийг нь өгүүлэх" аргаар зарим албан тушаалыг булаан авав.
• Агентлагийн тоог цөөрүүлэх сайхан амлалт өгсөн ч нэрийг нь өөрчлөх, агентлаг гэсэн статусыг нь төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зүсийг хувиргах замаар хэвээр хадгалж үлдсэнээр орон тоо, цалингийн хэмнэлт гарсангүй. Ажил үүргийн давхардал, хүнд суртлын хүлээс алдуурсангүй.
• Иргэдийн тодорхой хувийн санал авч сонгогдсон улс төрийн хүчний үйл ажиллагаа явуулах боломжийг хааж, хүчээр түрий барих, өөрсдийн дур зоргоор загнах үүд хаалгыг нээлттэй байлгах, сөрөг хүчний амыг барих бодлогыг УИХ-тай хамтран хэрэгжүүлсээр байна.
• Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралаас сэргийлэх, судалгаа дүгнэлт хийх, бодлого хөтөлбөр боловсруулах ажлыг хойш тавьсаар байгаа
•Олны сэтгэлд хүрсэн ажил арга хэмжээгээ дэрвүүлэн сурталчлах, Ерөнхий сайд болон сайд нар өөрсдийн имижийг өсгөх хэрэгсэл болгон ашигладаг шоуны хэлбэр энэ Засгийн газрын нэгэн онцлог болж харагдаж байна.