С.Авирмэд: (Эдийн засагч) -Ер нь Засгийн газрын үйл ажиллагааг төсвөөр нь дүгнэх ёстой л доо. Төсвийн тухай бол судалж байгаад дараа нь ярих асуудал. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааг муу байна гэж дүгнэх ямар ч үндэслэл байхгүй. Бид алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүстэй олон жил зууралдлаа. Тийм л байх ёстой гэж боддог болж.
Шинэ улс төрийн хүчин Засгийн эрхэнд гараад юм хийх гэж оролдож байна л даа. Жишээлбэл, Хотын удирдлага, О.Магнайгийн ажил зэрэг нь хүмүүсийн талархал хүлээж байна. Шийдвэртэй арга хэмжээ авч, тэр нь бидний амьдралд нөлөөлж байна. Хамгийн том зүйл бол олон жилийн турш үндэстнээ шулан мөлжсөн нефть импортлогч монополь компаниудад арга хэмжээ авах шийдвэр гаргасан нь Монгол Улс төр засагтай юм байна гэдэг найдвар төрүүлж байна.
Н.Жанцаноров (Төрийн хошой шагналт, ардын жүжигчин) -Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэх гэсэн үзэл санаа нь сайн байна. Түүнийгээ хэрэгжүүлэхэд бодитой хандлага хэрэгтэй. Аливаа шинэчлэл гэдэг цоо шинэ зүйл биш. Уламжлалаа мартахгүй байхыг хэлнэ.
Д.Ганболд (“Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн тэргүүн) -Аливаа шинэчлэлийг хийхэд бэрхшээл их гардаг. Гэвч энэ Засгийн газар нийгмийн олон салбарт ихийг хийж бүтээх гэж хичээж байгаа нь харагдаж байна. Юутай ч шинэчлэлийнхээ эхний давааг давж, салбар яамдаа байгуулан, заримыг нь шинээр үүсгэсэн. Үүнийхээ хүрээнд тодорхой ажлуудыг ч хийж эхэллээ. Харин хоёр дахь шатандаа Байгаль орчны иргэний зөвлөлтэй байгуулсан санамж бичгийнхээ дагуу ураны асуудал, мөн байгаль орчны хяналтыг анхаарч хамтарч ажиллах байх. Бас нэг зүйл нь шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлж байгаа нам, эвслүүд сонгуулийн өмнө өгсөн амлалтаа зайлшгүй биелүүлэх ёстой гэдгээ байнга санаж ажиллах хэрэгтэй.
Х.Бат-Ялалт (“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн) -Хэдийгээр шинэчлэлийн Засгийн газар гэж нэрлээд байгаа ч миний хувьд өмнөх Засгийн газраас өөрчлөгдсөн зүйл харагдахгүй байна. Улс орноо үнэхээр шинэчилье гэсэн сэтгэлтэй хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал улс төрийн бүлэглэлүүд нь л солигдсоноос биш бодлогын хувьд ямар ч шинэчлэл хийгдээгүй, хуучинтайгаа зууралдсаар л байгаа.
С.Молор-Эрдэнэ (Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга) -Шинэчлэлийн гэж яриад байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд шинэчлэгдсэн зүйл байхгүй. Өмнөх Засгийн газрынхаа хийж байсан улиг болсон зүйлсийг шинэ юм шиг гаргаж ирж байгаа хэрэг. Ер нь Засгийн газарт ч, УИХ-д ч мэргэжлийн, юм мэддэг хүн алга. Хэчнээн их мөнгө байсан ч түүнийгээ үр дүнтэй зарцуулж огт чадахгүй байна. Өөрсдийгөө болгож, идэж уухаа түрүүнд тавьдаг, хаанахын хэн нь мэдэгдэхгүй хүмүүс энэ төрд ороод ирчихсэн. Нэг мэдэхэд л татвар төлөгчдийн хамаг мөнгийг үрэн таран хийчихээд хаа нэг тийшээ алга болчих хүмүүст улс орноо даалгасан байна. Өөрөөр хэлбэл жолооны үнэмлэхгүй хүн автобус жолоодоод явж байхад хүмүүс түүнийг нь мэдэхгүй ороод суучихсан хэрэг.
Ц.Тамир (Баянзүрх дүүргийн иргэн) -Хуучин Засгийн газраасаа өөрчлөгдсөн зүйлс бий. Ядаж л иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс тарааж байна. Бас замын түгжрэл тодорхой хэмжээгээр багассан. Машиныг дугаараар нь хязгаарлах биш, шинээр зам тавих ажлаа өргөжүүлээд, явган хүний гарцыг олон болгох гэх мэтээр зохицуулалтаа арай өөр болгох гэх мэтийн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай олон зүйлс байна. Тийм болохоор улс орон маань сайн сайхан болчихлоо, үр хүүхдийн минь ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Үнэндээ бид төрд нөлөөлөх нь бага учраас юу хийхийг нь харж л суух юм даа.
Ц.ХӨХӨӨ (Хан-Уул дүүргийн иргэн) -Шинэчлэлийн засаг сайн ажиллаж байгаа. Өмнөхөө бодвол ард иргэдийнхээ төлөө дуугардаг болсон байна. Сая орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Ингээд аль аль талдаа шинэчлэгдээд, илүү сайн ажиллах байх. Энэ Засгийн газар байгуулагдаад удаагүй учраас одоо дүгнэх нь эрт. Гэвч одоогийнх нь байдлаас дүгнэхэд цаашдаа эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн сайн ажиллана, улс эх орон минь хөгжинө гэж найдаж байгаа.
Ч.МӨНХЗАЯА