Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас зарим зүйл тодрууллаа.
-УИХ-ын чуулганы төгсгөлд гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг тавьсан ч өмнөх хуулийн төслүүдээ ч хэлэлцэж чадсангүй.
-УИХ-ын сонгууль дуусаад 5-6 сар болж байхад Парламент бүрэн бүрэлдэхүүнтэй болж чадахгүй байгаад анхаарах ёстой. Тангараг өргөхөд бэлэн болсон бол шийдээд л явна, заавал өргөн барьсан дараалал харгалзана гэхгүй. МАН-аас сонгогдсон Д.Арвин, Д.Сарангэрэл, Өвөрхангайн Г.Батхүү, Д.Зоригт, эвслийн Ц.Оюунбаатар нарын тангаргийг өргүүлэх байсан. Гэвч “Шударга ёс” эвслийнхэн хуралдаж байна гэсэн шалтгаанаар танхимд орж ирсэнгүй. МАН-ынхан ч мөн адил.
-МАН-ынхан Өвөрхангайн хоёр гишүүн дээр байр суурийн зөрүүтэй байна. Тиймээс чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн юм биш үү?
-Шүүхээр шийдэгдчихсэн асуудал шүү дээ. Улс төрийн ямар арга сонгох нь тэдний асуудал. Гэхдээ МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоосон учир хүлээн зөвш өөрөхөөс аргагүй. Асуудлыг сунжруулаад байвал бүхэл бүтэн нэг аймаг УИХ-д төл өөлөлгүй байна.
-Танай намын 10-аад гишүүн өвчтэй, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар эзгүй байгаа гэсэн…
-5-6 хүн гадаадад томилолттой, өвчтэй байна л даа. Манай нам болон “Шударга ёс” эвслийн гишүүдийг оролцуулаад 30 гаруй гишүүн ажиллах боломжтой байна. “Шударга ёс” эвслийнхэн бусад гишүүний тангараг өргүүлэх асуудалд оролцох байлгүй.
Г.Шийлэгдамба: Өмнөх хүмүүсийн асуудлыг шийдээгүй байхад Ц.Оюунбаатар тангараг өргөх нь зохимжгүй
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас байр суурийг нь тодруулав.
-Танай эвслийн бүлэг яагаад чуулганы хуралдаанд оролцсонгүй вэ?
-Бүлгийнхээ гишүүдтэй уулзлаа. Тэд “Ирц бүрдэхгүй юм байна. Тиймээс чуулганд оролцох боломжгүй боллоо” гэсэн. АН-аас 26 гишүүн чуулганд оролцох боломжтой, манайхан орсон ч ирц бүрдэхгүй. МАНынхан оролцохгүй гэсэн.
-Бүлгийн хуралдааныг МҮАН-ын гишүүд хаяж гарсан мэдээлэл байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан намынхантайгаа тусдаа хуралдсан, хоёр нам байр суурийн зөрчилтэй байгаа хэрэг үү?
-Ямар ч зөрчил байхгүй. Бид зарим асуудлаар санал солилцсон, Бүлгийн гишүүдтэйгээ уулзах гэж л М.Энхсайхан дарга ирсэн байх.
-Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхгүй гэсэн шалтгаан нь юу вэ?
-Манай эвслийн хувьд 11 дэх гишүүний асуудал чухал. Ц.Оюунбаатар гишүүнийг хувь хүнийх нь үүднээс нам дэмжихгүй байгаа мэт ойлголт байгаа нь ташаа юм. Манай намаас жагсаалтаар нэгд дэвшсэн Н.Энхбаяр, гуравт орсон С.Нарангэрэл, зургаад байсан Э.Батшугар нарыг хассан асуудлаар бид хуулийн байгууллага, СЕХ-нд гомдол гаргасан нь шийдэгдээгүй байна. Тиймээс өмнөх хүмүүсийн асуудал шийдэгдээгүй байхад жагсаалтын 10-д бичигдсэн хүн тангараг өргөх нь зохимжгүй юм. Энэ талаас нь хандаж байгаа.
-Н.Энхбаярын асуудлаар Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргасан, Э.Батшугартай холбоотой хоёр дахь гомдлыг СЕХ хэлэлцээд өмнөх шийдвэрээ баталгаажуулсан шүү дээ. Та нар одоо ямар шатны шүүхээс хариу хүлээгээд байгаа юм бэ?
-СЕХ Э.Батшугарын асуудлыг хэлэлцээд “Жагсаалтад нэр нь байгаагүй” гэсэн хариуг манай намын дэд даргад ирүүлсэн. Нам дотроо жагсаалтаа гаргадаг. Хэн гэдэг хүнийг хэддүгээрт жагсаах нь тухайн намын асуудал учраас СЕХ шийддэггүй. Энэ утгаар СЕХ-ны хариу бодит үндэслэл болохгүй гэдгийг тайлбарласан бичиг явуулчихаад хариуг нь хүлээж байна.
-Өнөөдөр Н.Энхбаяр даргын шүүх хурал болно. Та нарт найдлага байгаа юу?
-Байнга л найдлага тавьж байгаа. Шүүхээс ямар шийдвэр гарахыг урьдчилж мэдэх боломжгүй л дээ. Үнэн зөв шийдээсэй гэж хүсэж байгаа.