УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар дөрвөн ч асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Үүний төгсгөлийнх болох Зарим гишүүний тангараг өргөх тухай асуудал хэвлэлийнхний анхааралд байсан юм. МАН, АН тус бүрээс хоёр, “Шударга ёс” эвслээс нэг гишүүн тангаргаа өргөхөөр хэлэлцэх асуудалд багтсан байсан ч чуулганы хуралдаан болсонгүй. 10.00 цагт зарласан хуралд АН-ын хэдхэн гишүүн л ирэв. МАН-ынхан бүлгийн дарга Н.Энхболдынхоо өрөөнд хуралдсан бол “Шударга ёс” эвслийнхэн мөн л тусдаа цуглаж АН-ын гишүүдийг хүлээлгэсэн.
Өвөрхангайгаас сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхийг МАН эсэргүүцэж буй. Тэд шүүхийн эцсийн шийдвэр гартал үүнийг хойшлуулах ёстой гэж үзэж байгаа билээ. Тэгвэл эвслийн үйлийн үртэй гишүүн болох Ц.Оюунбаатарт энэ удаа ч аз дутлаа. Тус эвслээс жагсаалтаар нэр дэвшээд СЕХ-ны шийдвэрээр хасагдсан Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын талаар хуулийн байгууллага эцсийн шийдвэр гартал Ц.Оюунбаатар баярлах боломжгүй болж байгаа юм.
Ийм шалтгаанаар дээрх намын Бүлгүүд чуулганы хуралдаанд оролцоогүй тул цугласан АН-ын гишүүд арга буюу тарсан.
С.УУЛ