НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Бүгд хуралдаанаар Эдийн засаг, нийгэм болон холбогдох бусад сэдвээр болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, томоохон бага хурлуудын мөрөөр авах арга хэмжээнүүдийг зохицуулалттай хэрэгжүүлэх тухай асуудал болон Мянганы дээд хэмжээний уулзалтаас баталсан баримт бичгийн хэрэгжилтийн талаарх асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч оролцон Мянганы дээд хэмжээний уулзалтын мөрөөр манай улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцын талаар үг хэлж, дараах зүйлийг тэмдэглэв. Үүнд: Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэлхий нийтээр хангах, тогтвортой хөгжилд суурилсан 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтыг нээлттэй, ил тод байдлаар тодорхойлох хэрэгтэй байгааг дурдаж манай улс энэ асуудлаар НҮБ болон гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтууд хэрэгжилт 77.9% байгаа бөгөөд ядууралтай тэмцэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилтуудын хэрэгжилт харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа болно.
Халдварт бус өвчинтэй тэмцэх асуудал дэлхий дахинд хурцаар тавигдаж байна. Тогтвортой хөгжлийн асуудлаарх Рио+20 бага хурлын төгсгөлийн баримт бичигт халдварт бус өвчинтэй тэмцэх асуудал үндэсний Засгийн газрууд гол үүргийг гүйцэтгэх үүрэгтэй талаар дурдсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд “Архи хэрэглэдэггүй Монгол” уриалга гаргасан болон уг уриалгыг Монголын төр, засаг, олон нийт өргөнөөр дэмжиж ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн уриалгыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс өнгөрсөн 2011 онд болсон Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаарх өндөр түвшний уулзалтын үеэр Архины хэрэглээний хяналтын талаар конвенц байгуулах санал дэвшүүлснийг дурдаж Тамхины хяналтын тухай конвенцийн нэгэн адил Архины хэрэглээний хяналтын талаар конвенц гаргах асуудлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд ойрын жилүүдэд авч хэлэлцэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.