Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Москва хотноо болсон ОХУ-ын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн 5 дугаар тайлан-сонгуулийн бага хуралд урилгаар оролцов.
Хуралд ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч В.В.Горбатко, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум дахь “Шударга Орос орон” намын бүлгийн дарга, Төрийн Дум дахь Орос, Монголын парламентийн бүлгийн дарга С.М.Миронов, Халхын голын дайнд оролцогч, ахмад дайчин, 92 настай Н.Г.Богданов нарын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн ОХУ-ын 10 бүс нутаг дахь салбар байгууллагыг төлөөлсөн 56 хүн төлөөлөгчөөр, түүнчлэн Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, Монгол Улс, ОХУ-ын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа нарын 10 гаруй хүн урилгаар оролцов.
Хурлын үйл ажиллагаанд алдар, гавьяагаа мөнхөлсөн нэр хүнд бүхий хүмүүсээс гадна монголын үндэсний хувцсаар гангарсан орос залуучууд хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг их татаж байв. Хурлын үеэр төлөөлөгчид “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн үйл ажиллагааны хэлбэр, зохион байгуулалтад шинэчлэл хийж чиглэл, хамрах хүрээг нь өргөжүүлэх,байгууллагын санхүүжилтийг тогтвортой, үр өгөөжтэй болгох, бүс нутаг дахь салбар байгууллагуудыг нэмэгдүүлэх, гишүүдийн эгнээг залуу үеийнхнээр бэхжүүлэх зэрэг асуудлаар байр суурь, санал бодлоо илэрхийлж байв. Бага хурлаар “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн ажлын тайлан, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв.
Хурлын төлөөлөгчид “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааг хангалттай хэмээн үнэлээд нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр В.В.Горбатко, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Л.Г.Кушнир, дэд ерөнхийлөгчөөр В.А.Бабушкин нарын хүмүүсийг сонгож, нийгэмлэгийг цаашид “ОХУ, Монгол Улсын найрамдлын нийгэмлэг” болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэв. Мөн нийгэмлэгийн удирдах зөвлөлийг 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулав гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.