Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног тохиолоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-аас бүрдсэн танхимаа “олон өнгийн” хэмээн тодорхойлсон юм. Хэдэн жилийн турш л МАН-ыг улаан, АН-ыг цэнхэр, НН-тай нэгдсэнээс нь хойш ИЗННыг ногоон өнгөөр төлөөлүүлж ирсэн билээ. “Манай Засгийн газар олон өнгөнөөс бүрдсэн. ИЗНН бол ногоон, АН цэнхэр…” гээд Ерөнхий сайд түгдрэв. МАН-аас өрх тусгаарласан МАХН, АН-аас салаалсан МҮАН хоёрын байгуулсан эвслийг ямар “алаг” гэлтэй биш, гацсан нь энэ. Араас нь Шадар сайд Д.Тэрбишдагва “Улаан” хэмээн нүүрээ улайлгаж байгаад дүрсэллээ. Ерөнхий сайд улаан өнгөнд “дургүй” ч юм уу, түүний үгийг давтсангүй, “За ямар ч байсан олон өнгөтэй Засгийн газар маань 100 хоногт багагүй шинэчлэл, өөрчлөлт хийлээ” хэмээн үргэлжлүүлнэ лээ.
С.УУЛ