Орон нутгийн ИТХ-д төлөөллөө сонгог гэж хуулиар бүтэн нэг өдрийг амралтын өдөр болгосон билээ. Ингэхдээ цас их орсон, зам даваа хаагдсан учраас малчдад санаа зовж, орон нутагт ирц хүрэхгүй байх вий хэмээн болгоомжилж байснаас нэг байшингаас нөгөөгийн хооронд дамжиж, хүйтний эрчийг төдийлэн мэдрэхгүй өнгөрдөг нийслэлчүүдийг сонгуулиа үл тооно гэж төсөөлөөгүй биз.
Гэтэл орон нутагт ирц гялалзтал хүрч, санаа зовнилоос гадуур байсан нийслэлд сонгууль дахихад хүрсэн. Хуулийн дагуу сонгуулийн хороод дахин санал хураалтыг долоо хоногт багтаан зарлав. Улмаар нийслэлийн зургаан дүүргийн 334 хэсгийн хорооны 149-т нь өнгөрсөн баасан, бямба гаригт дахин санал хураалт боллоо.
Баянгол дүүргийн 47 дугаар хэсгийн хороогоор жишээ татъя. Тэнд миний бие харьяалагддаг юм. Уг нь арваннэгдүгээр сарын 21-нд идэвхтэй гэгч нь очиж саналаа өгсөн. Гэтэл манай хэсгийн хороонд ирц хүрээгүй гэнэ. “Өнөр” хорооллын 39, 45, Шинэ хотхоны II, IV, VI, VIII байр зэрэг орон сууцны залхуу сонгогчид энэ хэсэгт багтсан. Залхуугаас гадна үндсэн хаягтаа оршин суудаг хүн цөөхөн, түрээслэгчид голдуу амьдарч байсан нь бас нөлөөлсөн гэсэн яриа сонсогдсон. Дахин санал хураалт өнгөрсөн баасан гаригт болж, хоёр ч автобусны буудлын зайд байсан сонгуулийн хэсгийн хороог “Өнөр” хороолол руу нүүлгэн ойртуулсан байна лээ. Нэг иймэрхүү хэт бэлэнчилсэн, үл ойшоосон сонгогчдыг зохион байгуулагчид гуйж, түүх шахаж байж дахин сонгууль болж өнгөрөв. Үнэндээ анхных шигээ 50+1 хувиар ирц бүрдүүлэхийг шаардвал хэзээ ч бүтэхгүй. Монголчуудынхаа занг мэддэг түшээд маань хууль батлахдаа үүнийг бодолцож дахин санал хураахад ирц хамаарахгүй байхаар зохицуулсан л даа.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хууль:
55.1.5. Сум, баг, хороонд тухайн сум, баг, хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-иас дээш хувь нь оролцоогүй бол уг сум, баг, хорооны 50-иас дээш хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд.
55.6. Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирсэн хувиар хүчинтэйд тооцно.
Баянзүрх дүүрэг. ИТХ нь 41 суудалтай. 79 хэсгийн хорооноос 52-т нь сонгууль дахисан. Тэнд 127.350 сонгогч санал өгөхөөр жагсаалтад бүртгэгдсэнээс 28.9 хувь нь дахин өгсөн байна. 41 төлөөлөгчийн 28-ыг тойргоос, 13-ыг намын жагсаалтаар сонгожээ. Урьдчилсан дүнгээр АН олонх болсон аж. Албан ёсны дүнгээ тэд өнөөдөр танилцуулах гэнэ.
Баянгол. ИТХ-ын 41 суудалтай. 54 хэсгийн хорооноос 23-т нь 57 мянган сонгогч саналаа өгөх байжээ. Тус дүүргийн сонгуулийн хорооны дарга Ч.Бат-Эрдэнэтэй холбогдоход “Дүн гарсан, гэхдээ маргааш (өнөөдөр) 11.00 цагт ИТХ-даа танилцуулахаас нааш мэдээлэл өгөх боломжгүй. Дүнгээ танилцуулж, нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг нь олгоно” гэлээ. Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр тус дүүргийн ИТХ-ын 30 суудалд АН, үлдсэн 11 суудалд МАН ялсан байна.
Сонгинохайрхан. ИТХ-ын мөн л 41 суудалтай. 80 хэсгийн хорооноос 32-д нь дахин сонгууль болсон. Тэнд нийт 79591 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Тэнд урьдчилсан дүнгээр МАН-17, АН-17, МАХН- хоёр суудал авсан байна. Гэвч МАН-аас нэр дэвшигч таван Орон нутгийн сонгуулийн тухай хууль зөрчиж, иргэдэд мөнгө тараасан, цайллага хийсэн асуудал гарсан аж. Хууль зөрчсөн хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Дүүргийн АН-аас Орон нутгийн сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татах хүсэлт тойргийн хороондоо гаргасан байна. Тиймээс уг дүүрэгт маргаантай байгаа гэнэ.
Сүхбаатар. 41 төлөөлөгч сонгох учиртай. 41 хэсгийн хорооны 31-д нь дахин сонгууль хийсэн. 28518 сонгогч бүртгэгдсэн.
Хан-Уул. ИТХ нь 35 төлөөлөлтэй. 37 хэсгийн хорооны долоод дахин сонгууль явуулсан.
Чингэлтэй. ИТХ-ын 35 суудалтай. 43 хэсгийн хорооны 22-т нь дахин сонгууль хийсэн. Тэнд 58146 сонгогч саналаа өгөх ёстой байв. Уг дүүрэгт МАН олонх болсон мэдээ байна.
Сонгуулийн хэсгийн хороод өчигдөр амарсан, дээрээс нь өнөөдөр ИТХ-даа албан ёсоор дүнгээ танилцуулна гээд утсаа авах, авсан ч мэдээлэл өгөх хүн ховор байлаа. Юутай ч Чингэлтэй дүүрэгт МАН ялсан бол Сонгинохайрханд тэнцсэн, бусад дүүрэгт АН олонх болсон урьдчилсан мэдээлэл байна.
С.ТУУЛ