Нийслэлийн зургаан дүүргийн 149 хэсэгт сонгогчдын санал хүрээгүйн улмаас орон нутгийн сонгуулийн дахин санал хураалтыг өнгөрсөн баасан гаригт явуулсан. СЕХ дахин санал хураалтын дүнг нэгтгэж, 2012 оны орон нутгийн сонгуулийн дүнг эцсийн байдлаар өчигдөр танилцууллаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн есөн дүүргийн дөрөвт нь МАН, тавд нь АН ялалт байгуулжээ.
Сонгогчдын ирц бүрдээгүйгээс гадна санал тэнцсэн 16 тохиолдол гарсан байна. Эдгээр шалтгааны улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 26, 27, Хонгор сумын 34 дүгээр хэсэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант, Эрдэнэ баг, Жаргалант сумын Улаантолгой багт энэ сарын 1-нд дахин санал хураалт явуулж, дээрх хоёр аймгийн сонгуулийн дүнг мөн зарлав. Дархан-Уул аймаг ИТХ-ын нийт 33 суудалтайгаас 18 нь МАН, 11 нь АН, хоёр нь “Шударга ёс” эвслийнх бол хоёр суудлыг бие даагч авсан байна. Харин Орхон аймгийн 31 мандатаас 10 нь МАН, 19 нь АН, хоёр нь “Шударга ёс” эвслийнх болжээ.
Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооноос нэг гомдол ирсэн гэнэ. Тус дүүргийн санал хураах машины цагийн зай нь дууссан тул саналыг хүчингүйд тооцох хүсэлт гаргажээ. Гэвч хуульд зааснаар энэ тохиолдолд саналыг хүчингүй болгох үндэслэлгүй юм байна. Түүнчлэн Хөвсгөл аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороонд гомдол ирснийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.
Ийнхүү 2012 оны орон нутгийн сонгуулиар 21 аймгийн 12-т нь АН, есөн аймагт МАН ялалт байгуулсан бол нийслэлийн дөрвөн дүүрэгт МАН, тавд нь АН олонх болов.

Р.ОЮУНЦЭЦЭГ