УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газраас гаргасан богино хугацааны үнэт цаасны талаар мэдээлэл хийжээ. Мөн энэ сарын 6-10-нд ардчиллын төлөөх намууд нэгдсэний баяр тохиодог. Энэ үеэр баялаг бүтээгчдийг дэмжих чуулган зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат өвчтэй байгаа тул дэд ахлах С.Одонтуяа хуралдаанаа удирдсан байна. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Чингис бондыг зах зээлд гаргаснаар Монгол Улсын нэр хүнд өсөж, гаднын хөрөнгө оруулалтыг татах чухал алхам боллоо. Уг бондыг гадаад, дотоодын дараагийн хөрөнгө оруулалтыг дэмжих хөшүүрэг болгон ашиглах юм. Богино хугацаанд, бага хүүтэй бонд арилжаалсныг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн чухал ажил хэрэгжсэн гэж үзлээ.
-Орон нутгийн сонгуулийн үр дүнг АН юу гэж үзэж байна вэ?
-Манай намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн. Нийслэлийн таван дүүрэгт бид үнэмлэхүй ялсан. Өмнө нь ялж байгаагүй аймгуудад олонх болсон нь амжилт гэж үзэж байна.
-Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлэхийг МАН эсэргүүцэж байгаа. Мөн ирц бүрдтэл МАН болон “Шударга ёс” эвслийнхэн чуулганд оролцохг үй гэсэн. Гишүүдийн тангараг өргөх асуудлыг шийдэхийн тулд АН ирцээ бүрдүүлэхэд яаж анхаарах вэ?
-СЕХ-ноос таван гишүүний нэрийг өргөн барьсан учраас бид хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. МАН хоёр гишүүнийхээ тангаргийг өргүүлэхгүй, чуулганд оролцохгүй гэх үү, мэдэхгүй юм. “Шударга ёс” эвслээс МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралтай өдөр чуулган хуралдвал оролцох боломжгүй гэж байгаа. Энэ долоо хоногт ямар байр суурьтай байхыг хэлж мэдэхгүй байна.
С.УУЛ