“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас хуулийн салбарын өөрчлөлттэй холбоотойгоор олон талт үйл ажиллагаа явуулах гэж буй тухайгаа өчигдөр мэдээллээ. Уг ажлын хүрээнд энэ сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд Хуульчдын зөвлөлгөөнийг гурав дахь удаагаа зохион байгуулах аж. Түүнчлэн энэ сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Хүний эрхийн онол практикийн хурал зохион байгуулахаар болсон байна. Эдгээр ажлаараа хуулийн салбарыг хэрхэн шинэчлэх талаар иргэдийн болон мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсож, хэлмэгдэж хохирсон хүмүүсийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх аж.
Мөн “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт хуулийн салбарт хийх шинэчлэлийг иргэдэд нээлттэй болгох, зөв үнэлэлт дүгнэлт өгөх үүднээс салбарын сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудсан юм. Тэрбээр “Засгийн газрын хууль зүйн салбар дахь үйл ажиллагаа нь буруу хазгай, жинхэнэ шинэчлэлийг хүссэн ард иргэдийн эрх ашигт нийцэхгүй, хуулийн заалт өөрчлөх, албан тушаалын халаа сэлгээ хийх төдийхнөөр хязгаарлагдаж байгаа тул зайлшгүй арга хэмжээ авах ёстой”-г онцоллоо.
Ч.Мөнхзул