Олонхийн төлөөлөлгүй энэ удаагийн парламентад АН хамгийн олон суудалтай нь. Найман суудал нэмээд авчихвал энэ намд олонхи буюу 39 болох боломж бий. Харин яаж вэ.
Өвөрхангай, Увсын дөрвөн суудлыг шүүхийн лантуугаар хүч түрэн авах оролдого эхнээсээ хийгдэж буй. Шүүхийн шийдвэрээр ийм эрх өвөртөлсөн Өвөрхангайн хоёр тангараг өргөхөө хүлээж байгаа бол Увсын мандатаар тангараг өргөсөн МАН-ын хоёрыг хууль хяналтынхнаар шалгуулж эргүүлэн татахыг үгүйсгэх аргагүй. Бас бус МАН-ын гишүүдийг ч шалгаж буй.
МАН үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж улс төрийн бойкотыг Төрийн ордонд хийсээр байгаа. Гэвч бойкотолсноор улс төрийн энэ маргаанд цэг тавихгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Харин ч Өвөрхангайгаар эхэлсэн энэ маргаан УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнтэй болоход цаашид улам ч төвөг учруулж мэдэхээр байна.
“Шударга ёс” эвслийн жагсаалтаар гишүүний болзол хангасан Ц.Оюунбаатар, МАН-ын нэрээ татсан У.Хүрэлсүхийн оронд намынхаа жагсаалтаар парламентад орж ирж байгаа Д.Сарангэрэл болон Баянзүрх дүүргийн дахин санал хураалтаар ялалт байгуулсан МАН-ын Д.Арвин нар тангараг өргөх эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Энэ гурав тангараг өргөсөн тохиолдолд Өвөрхангайн хоёрыг хүчээр тангараг өргүүлэх сонирхол АН-д буй. Тиймээс МАН-ын хоёр эмэгтэй гишүүн намынхаа эрх ашгийг хувийнхаасаа илүүд үзэн хүлээцтэй хандаж буй бололтой.
Д.Сарангэрэл, Д.Арвин нар тангараг өргөж, УИХ-д албан ёсоор орж ирвэл энэ удаагийн парламент хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй болно.
Тэдний тав нь АН-ынх бол, “Шударга ёс” эвслийнх хоёр, ИЗНН нэг, МАН харин гурван эмэгтэй гишүүнтэй болох юм.
МАН улс төрийн ууган хүчин, олон удаагийн сонгуулийн циклиэр эрх барьж байсан намын хувьд боловсон хүчин олонтой. Тэртусмаа адтай, ааштай, ажилтай олон эмэгтэй гишүүнтэй. Харин одоогийн МАН-ын хүнд, хэцүү, ганцаардсан цаг үед хувь тохиолоор МАН-ыг парламентад төлөөлөх болсон Д.Оюунхорол, Д.Арвин, Д.Сарангэрэл гэх эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? Тэд гар нийлж намынхаа төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэж чадах уу?
Д.Оюухорол, Д.Арвин хоёрыг эрчүүдээс дутахгүй хортой шартай, чадалтай улстөрч гэдгийг ард түмэн мэднэ. Хоёр, гурван парламентад сонгогдсон энэ хоёр бүсгүй парламентад яаж ажиллахаа мэднэ. Харин парламентад шинэ ч, улстөрд хуучин кадр Д.Сарангэрэлийг парламентийн гал тогоонд, тэр тусмаа намынхаа хоёр эмэгтэй-гишүүнтэй хэрхэн гар нийлж ажиллахыг олон нийт сонжиж буй.
Д.Сарангэрэлийг олон нийт телевизийн сэтгүүлч гэдгээр нь илүү сайн танина, мэднэ. Харин улстөрч гэдгээр нь одоохондоо хүлээн авч чадаагүй байгаа.
Сэтгүүлч мэргэжил улс төрд хамгийн ойр. Тиймдээ ч сайн сэтгүүлч муу улстөрчөөс илүү мэдээлэлтэй, гаргалгаатай, алсын хараатай байдаг. Энэ үүднээс нь Д.Сарангэрэлийг улстөрчийнх нь хувьд дутуу үнэлэх хэрэггүй л болов уу. Ардын намыг нэрээ солин алдаж, унаж явахад нь сэтгүүлчид байтугай улстөрчид ч зайгаа барьж байсан. Зарим нэг нь урваж шарваж, шинэ намд хүртэл албан тушаал ашиг хонжоо харан элсэж байлаа. Харин тэр үед Монголын дөрөв дэх засаглалын нүүр царай болсон бүсгүй улс төрд орсноо МАН-ын Бага хурлын гишүүн болсноор зарласан нь сэтгүүл зүйн хувьд гэнэтийн сонголт болж байв. Гэхдээ энэ нь түүний хувьд гэнэтийн биш ч байсан байж мэднэ. Учир нь тэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон, зургаан жил ажиллачихаад тэр жил гэв гэнэт л ажлаа сайн дураараа өгсөн. Энэ нь сэтгүүл зүй, улстөр хоёрыг саланги, тусад нь байлгах гэсэн ёс зүйнх нь сонголт байсан болов уу. Тэгээд л улс төрд хувь хүнээрээ орсон. Удалгүй Ардын намын мянга мянган гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, УЗ-ийн гишүүн, намын нарийн бичгийн дарга хүртэл албанд томилогдон, УИХ, Орон нутгийн сонгуулийн эгзэгтэй, эмзэг цаг үед хэвлэлийн гал тогоог удирдан ажилласан нь энэ бүсгүйг чамлахааргүй “алмаз” гэдгийг харуулсан болов уу.
Эмэгтэй хүн улстөрд ороход хувийн зан чанар чухал. Үсээ овоолж, шилбээ хүрсэн урт банзал өмсч, зузаан нүдний шил зүүснээрээ улстөрч болдоггүй. Эелдэг инээмсэглэл, ганган дэгжин байдлаа хаяад ч улстөрч гэж хүлээн зөвшөөрөгддөггүй. Харин улс төрд байр сууриа хамгаалан ан мана үзэлцэн, чадал чансаагаа харуулан, парламентэд хэнээс ч айхгүй, хэлэх гэснээ хэлж чадах эр зоригтой байж улстөрч гэдэг эрхэм нэр хүндийг олж авдаг. Ийм эр зориг тэр бүр эмэгтэйчүүдэд дутагддаг, хүлээн зөвшөөрөгддөггүй. Харин дийлэнх олонхи нь бүсгүйчүүдээс бүрддэг хэвлэл мэдээллийн фронтын сэтгүүлч бүсгүйчүүдэд ийм эр зориг бусад салбарынхнаас илүү байдаг нь олон улсад батлагдсан үнэн.
Энэ парламентад сэтгүүлч мэргэжилтэй хэд хэдэн гишүүн бий. Тэрдундаа Г.Уянга, Д.Сарангэрэл гэх хоёр эмэгтэй сэтгүүлчдийн төлөөлөл болон орж ирсэн нь эмэгтэй сэтгүүлчдэд үлгэр дууриалал, манлайлал болж буй. Тиймээс Д.Сарангэрэл парламентад орж ирж буй нь ганц МАН-д төдийгүй Монголын улс төрд үнэний дуу хоолойг илүү хүргэнэ гэдэг итгэл олон нийтэд төрж буй нь лавтай.
Сэтгүүлчид хэн нэг улстөрч, аль нэг нам эвсэл гэхээсээ илүү ард түмний дуу хоолой, илэрхийлэл болсоор ирсэн. Тэрдундаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн зөвлөлд сэтгүүлч мэргэжилтэй улстөрч бүсгүй нэмэгдэж буй нь энэ парламентийг улам хүчирхэг болгож, нийгмийн эрх ашигт илүүтэй нийцсэн бодлого шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ. 10+1 буюу парламент дахь эмэгтэй гишүүдийн нэг болох энэ хатагтайг онцлох болсон нь энэ буй за.
Д.ЭРДЭНЭ