Допингийн сүүдэр спортын амжилтыг нь харлуулсан, санаатай болон санамсаргүй хэрэглэсэн баримт цөөн биш. Өндөр амжилт гаргаж, медаль хүртсэндээ баяртай явсан торгон агшин нь замхарч, зүйл зүйлийн зэмлэл, харуусал үргэлжилж, хүмүүст ад шоо үзэгдэх хэцүү тавилан. Мандан бадарч байсан Армстронг, Жонс нар өнөөдөр хэн болж хувирав? Бас дөнгөж нэрд гарч явсан тамирчдыг хар жагсаалтад багтсаны дараа ямар амьдрал хүлээж байна гэгчлэн олон асуудал ургана. Шинжлэх ухаан, техник эрчимтэй хөгжсөн энэ үед хүний хүчин чадлыг бодитоор үнэлж, тамир тэнхээг гаднаас “худалдаж авах”-ын эсрэг Дэлхийн допингийн эсрэг агентлаг ажилладаг. Цагтаа цалгиж явсан, хожим шийтгэлээ хүртсэн спортын оддын хэд хэдэн баримтыг танд дэлгэе.
1. Зээрэнцэг шидэгч Дарья Пищальниковагийн Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн хөөр баяр удаан үргэлжлээгүйн шалтгаан сэргээшийн шинжилгээнд бүдэрсэнтэй холбоотой. Бараг хагас сарын дараа энэ хар мэдээ түүний чихийг дэлссэн бөгөөд 1970-1980 онд допингийн жагсаалтад багтсан эм ууж байсан нь цусны шинжилгээнээс батлагдсан юм.
2. “Сөүл-88”-ын 100 м-ийн гүйлтэд аваргалсан Канадын ойрын зайн гүйгч Бен Жонсон алтан медалиа ганцхан л өдөр энгэртээ зүүгээд мөн л допинг хэрэглэсэн нь тогтоогдож, хэргэмээ хасуулсан түүхтэй.
3.1990 оны сүүлчээр спортын ертөнцийг байлдан дагуулсан эмэгтэй бол АНУ-ын хөнгөн атлетикч Мэрион Жонс билээ. Сиднейн олимпод од болон гялалзаж, гурван ч алтан медаль авсан түүнийг 2007 онд допинг хэрэглэсний хатуу шийтгэл хүлээж байсныг хэн мэдэх билээ. Ийнхүү түүний нэр хүнд навс унаж, спортоо баярын бус харууслын хар нулимсаар өндөрлөжээ.
4. 2012 оны хамгийн цуутай допингийн хэрэг “Тур де Франс”-ын долоон удаагийн аварга Лэнс Армстронгийг ээрэв. Хорт хавдраар өвчилсөн ч спортоор хичээллэсний дүнд эрүүлжсэн тэрбээр дээрх хар дансанд багтсанаар 1998 оны наймдугаар сараас хойш үзүүлсэн бүх амжилтыг нь хүчингүйд тооцсон нь харамсалтай. 1999-2005 онд тэрбээр “Тур де Франс”-т ноёрхлоо тогтоосон билээ.
5. Бөөрөнцөг түлхэгч Ирина Коржаненко Афины олимпоос алтан медаль зүүгээд хоёр хоногийн дараа сэргээш хэрэглэсэн хэмээх таагүй мэдээг сонсчээ.
6. Дэлхийн аварга, Сиднейн олимпийн шагналтан Жером Янг мөн л ийм шалтгаанаар амжилтаа цуцлуулсан юм.
7. Дөрвөн жилийн тэртээх олимпийн долоон төрөлтөд хоёрдугаар байр эзлээд украин бүсгүй Людмила Блонска хэчнээн баяртай байлаа даа. Гэвч хориотой бэлдмэл хэрэглэсэн хэргээр медалиа хураалгасан бөгөөд энэ бүхэнд түүний нөхөр асан дасгалжуулагч л буруутай гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
8. Хүндийг өргөлтийн дэлхийн аварга, Сиднейн олимпийн дэд аварга Болгарын Алан Цагаевт ч ийм явдал тохиолдож байв. Түүний хамтран зүтгэгч, Георги Марков ч бас допинг “уусан” нь батлагдсанаар амжилтаа хүчингүй болгосон билээ.
9. ДАШТ-ий гурван медальтай, Украины бөөрөнцөгч Вита Павлыш сэргээштэй нөхөрлөсөн хоёр ч тохиолдол илэрсний улмаас тэмцээнд оролцох эрхээ насан туршдаа хасуулсан байна.
10. Дэлхийн аварга, Австрийн биатлонч Вольфганг Роттманн 2006 оны олимпийн үеэр хориотой бэлдмэл ашиглаж, нэгжлэгийн үеэр түүний өрөөнөөс тариур олдсон нь зориудын үйлдэл гэдгийг гэрчилснээр спортын ертөнцийн гадна үүрд үлдэхээр болж, бүх нөхдийнхөө нэрийг хөөдсөн удаа ч бий.
11. Ямайкийн шилдэг гүйгчдийн нэг, 30 настай Стив Маллингс 2009 оны ДАШТий буухиад нөхдийнхөө хамт түрүүлсэн юм. Өнгөрсөн жил 100 м-ийг 10 секундээс бага хугацаанд анх удаа туулж, улмаар үүнийг долоон удаа өсгөсөн түүний амжилт допингтой холбоотой байсан нь тогтоогдож, Ямайкийн Допингийн эсрэг төв тэмцээнд оролцох эрхийг нь насан туршид хасчээ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ