Цана чаргаар гулгасан шиг цовоо цолгиун эхлүүлсэн шинэ долоо хоногийнхоо эхний өдрийн үдшийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг харин тийм ч хөгжилтэй өнгөрүүлж чадсангүй. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задрах тухай мэдээлэл даваа гаригийн орой тархсан даруйдаа АН-ын даргын чихэнд 100-хан хоногтой сайд нарын танхимыг нь годройтуулах шалтаг болж сонсогдсон нь дамжиггүй. Засгийн газар унах чимээ лавширч байх өчигдрийн бага үд хүртэл Н.Алтанхуяг ялимгүй тайвширч амжсан эсэхийг бүү мэд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын уулзалтад оролцохоор Кыргыз рүү нисэж одлоо. Түүнийг маргааш эх орондоо буухад Засгийн газрынх нь хувь заяаг эргүүлж мэдэх үйл явдлууд өрнөж мэдэхээр байна.
Харин ч ийм үед хилийн чанад руу хүлгийн жолоо залсан нь Засгийн газрын тэргүүний сэтгэл зүйн тогтвортой байдалд зайлшгүй хэрэгтэй завсарлага болох биз. Гадаа хүйт тачигнаж байхад Төрийн ордонд өчигдөр Засгийн газрын тавиланг шодсон халуухан төлгүүд буцалж өнжив. МАХН УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарахаар шийдсэн нь Засгийн газар огцрох шалтгаан болж чадах уу? Засгийн газар огцорвол дараагийн танхимыг аль намууд байгуулах бол? Гэх мэт олон асуултыг тойрон намууд, улстөрчид бужигнаж байна.
.jpg)
“Н.Энхбаярыг сулла”
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэх Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурал ирэх баасан гаригт болно. Эндээс шүүхийн хамгийн эцсийн шатны шийдвэр гарах бөгөөд түүнээс цааш “газар” үгүй. Тиймээс энэ нь Н.Энхбаярын хувьд ч, МАХН-ынхны хувьд ч амин чухал үйл явдал юм. МАХН баасан гаригт болох шүүх хурлын өмнө “Шударга ёс” эвслээс гарч, сайд нараа Засгийн газрын бүрэлдэхүүнээс татахаар шийдсэн нь даргаа аврах сүүлчийн оролдлого, албан ёсны шантааж болж харагдаж байна.
МАХН Н.Энхбаярын гэм буруугүй гэдгийг шүүхээр нотлуулахын төлөө Засгийн газрыг шахаанд оруулах улс төрийн нүүдэл хийж байгаа бол тус намынхны тэмцэл байгаа олсонгүй. Н.Энхбаярыг суллах эсэхийг АН биш, сайд нарын танхим ч биш, шүүх шийдэх ёстой. Яагаад ч юм Н.Энхбаяр АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, Засгийн газрыг шүүхэд нөлөөлж чадна хэмээн найдаад байх шиг. Хэрэв АН Үндсэн хуулийг уландаа гишгэн, шүүхийн шийдвэрт нөлөөлбөл энэ нь Засгийн газар огцрохоос илүүтэйгээр олон нийтийн дургүйцлийг хүргэх юм.
Н.Энхбаяр өнгөрсөн ням гаригаас эхлэн шоронд цагаан хоол идэж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэрбээр шүүхийн шийдвэр өөрийнх нь эсрэг гарвал өлсгөлөн зарлахад бэлтгэж, хоолны дэглэмээ өөрчилсөн бололтой.
МАХН Ч бас хоёр хуваагдах вий
МАХН эвслийн бүлгээ задлах шийдвэр гаргаж чадлаа ч, Засгийн газрыг орхих хүртэл үнэхээр зориглоно гэж үү гэсэн эргэлзээ төрж болно. Яагаад гэвэл Засгийн газар эмхлэн байгуулагдсан цагаас эхлэн “Шударга ёс” эвслийнхэн албан тушаалаа булаалдан хэмлэлдсэн. Уг эвслийн хувьд томилгоо эв нэгдлээс нь илүү чухал үнэт зүйл юм билээ. Тэгж анх эвдрэлцсэн МАХН, МҮАН-ын гишүүд одоо бүр УИХ дахь бүлгийн хуралдаандаа ч цуглаж суухаа больжээ. МАХН-ынхан С.Баянсэлэнгийнхээ өрөөнд, МҮАН-ынхан Н.Батцэрэг даргынхаа өрөөнд тусдаа бүлэглэдэг болоод байгаа аж. Одоо тэдэнд эвслийн гэрээгээ цуцлах л үлдсэн. Эвслээс нэг нам нь гарвал задрах гэрээтэй учраас “Шударга ёс” задрах нь тодорхой болж байна.
МАХН-ын гурван сайд Н.Энхбаярыг цагаатгахын төлөө суудлаасаа татгалзаж чадах мэтээр мэдэгдэл хийжээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нарын эхний хоёрын хувьд АН-ын тэргүүлсэн Засгийн газрын сайдын албан тушаалд очих хүртлээ маш тойруу зам туулсан учраас тийм ч амархан ховхрохыг хүсэхгүй л болов уу. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах МАХН-ын алхам нь тус намыг дотор нь хоёр хувааж болох таамгийг дагуулж байгаа юм.
Засгийн газар унахгүй
Ийм эрсдэл тун бага харагдаж байгаа юм. МАХН хэдийгээр эрс тэс мэдэгдэл хийж байгаа ч дээр өгүүлсэнчлэн сайдын албаараа дэнчин тавих хүн Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас өөр үгүй л болов уу. Хуулиараа бол Засгийн газар ердөө хоёр нөхцөлд огцордог. Нэгдүгээрт, Ерөнхий сайд огцрохоо мэдэгдвэл, хоёрдугаарт, сайд нарын танхимын 50-иас дээш хувь нь Засгийн газраа огцруулахыг дэмжвэл. Энэ Засгийн газарт дээрх хоёр зовлон тохиолдоогүй байна. Харин МАХН эвслээс гарснаар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан “Шударга ёс” эвсэл задарч, уг эвслийн дөрвөн сайдын орон тоо гарна. Түүнчлэн УИХ-ын сонгуульд эвслийн жагсаалтаар сонгогдсон долоон гишүүний суудлаа алдана. Ингэлээ гэхэд УИХ-д суудалтай АН, МАН, ИЗНН-д долоон суудлыг тэнцүү хувааж өгөх хуультай юм.
Засгийн газраа огцруулахгүйн тулд АН зүгээр суухгүй нь ойлгомжтой. Тэдэнд МАХН-ыг алгасаад МҮАН, ИЗНН-тай хамтраад танхимаа бүрд үүлэх боломж нь бий. Энэ тохиолдолд харин ч МҮАН-ын хувьд Засгийн газар дахь орон тоогоо нэмэгдүүлэх аятай боломж гарч болох юм. Тэгэхээр МАХН-ын шийдвэр АН-ын Засгийн газрыг доргиож чадахгүй, зөвхөн бүтэц бүрэлдэхүүний хувьд л өөрчлөлт авчирна гэж дүгнэж болно.
МАН-ын бүлэг мөд байгуулагдахгүй
Бүлгээ нэхэж өдий хүрсэн МАН-ын гишүүдийн тэмцлийн үр дүн мөддөө гарахгүй нь бололтой. Ялангуяа Засгийн газрын хувь заяа дэнжигнэсэн ийм үед УИХ дахь МАН-ын бүлгийг байгуулахыг зөвшөөрнө гэдэг бол АН-ын хувьд хоолойдоо шидэмс углаж байгаатай адил. МАН одоогоор бүлэггүй учраас Засгийн газрыг орхих МАХН-ын тоглолтыг өөрсдөдөө ашигтайгаар эрг үүлэх ямар ч боломжгүй сууж байна. АН одоо Н.Энхбаярын хэрэг явдалтай холбоотойгоор улс төрд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдлыг намжих хүртэл тодорхойгүй хугацаагаар МАН-ын бүлгийг байгуулахад “хориг” тавих биз ээ.