МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлын шийдвэрийг танилцуулав. Түүний мэдээлснээр Гүйцэтгэх товчооны хурлаар улс орны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг зүй бусаар долоон сар гаруй хорьж улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
“МАХН эх орон, ард түмнээ бодож энэ талаар хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч Хамтарсан Засгийн газар байгуулахдаа хүлээсэн амлалтаа биелүүлээгүй, орон нутгийн сонгуулийн явцад бий болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан Засгийн газарт цаашид хамтарч ажиллах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа” гэж тэрбээр онцоллоо. Ингээд МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгийн сэтгүүлчдийн асуултад хариулсан хариултыг хүргэе.
-Засгийн газраас гарах энэ шийдвэр “Шударга ёс” эвсэлд хамаатай юу, зөвхөн МАХН-ын шийдвэр үү?
-Эвслийнх бус, МАХН-аас гаргасан шийдвэр.
-Үүнээс болж Эвсэл задарч, Засгийн газарт тогтворгүй байдал үүсэх үү?
-Эвсэл задрахгүй. Засгийн газар ажиллахгүй байна. Хэрэв үүнээс болж Монголд тогтворгүй байдал үүсвэл МАХН хариуцахгүй.
-Засгийн газрыг АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн гурван субъект хамтарч байгуулсан. Гэтэл нэг субъектынх нь оролцогч тал ийм шийдвэр гаргасан нь ямар учиртай юм бэ?
-АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН анх хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ хийхдээ “Улс төрийн хэлмэгдүүлэлт хийхгүй байх нь хамтарсан Засгийн газрын нэг зорилт мөн” гэж тусгасан. Гэтэл улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох, шударга ёс тогтоох нь бүү хэл ямар ч үг дуугарахгүй байна.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Кыргыз улсад айлчлахаар мордож байна. МАХН Засгийн газраас гарах шийдвэрийг Засгийн газарт хэзээ хүргүүлэх вэ?
-Шийдвэрийг албажуулсны дараа хүргүүлнэ. Энэ талаар Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг өгсөн. Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва МАХН-аас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өчигдөр орой албан ёсоор амаар мэдэгдсэн.
-Хэрэв МАХН засгаас гарвал МАН-тай нийлнэ гэсэн яриа дуулдаж байгааг юу гэж үзэх вэ?
-МАХН МАН-тай нэгдэхгүй.
-Хэрэв хяналтын шатны шүүх хурлаар асуудал Н.Энхбаяр даргын талд нааштай шийдэгдвэл Засгийн газраас МАХН гарна гэсэн шийдвэрээ яах вэ?
-Эргэж харна.
-Засгаас гарах шийдвэрт МҮАН-ынхан хэрхэн хандаж байгаа бол?
-Энэ шийдвэр нь “Шударга ёс” эвслийнх биш. Зөвхөн МАХН-ын шийдвэр. МҮАН-ынхантай өнөөдөр уулзана.